ОХУ-д суралцдаг оюутнууд орос хэлний мэдлэгээрээ уралдлаа

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
munkhbaatar@montsame.mn
2019-04-30 18:35:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Москва хотын их, дээд сургуулиудын бэлтгэл курст суралцаж буй оюутнуудын дунд Орос хэлний олимпиад энэ сарын 27-нд болж, тэргүүн байрт Москвагийн Авто замын техникийн улсын их сургуулийн оюутан  Ц.Бямбасүрэн шалгарлаа.

Тус улсад суралцаж буй монгол оюутнуудын дундах орос хэлний олимпиад, илтгэлийн тэмцээнийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам дэмжин жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аж.

Энэ жилийн олимпиад, илтгэлийн тэмцээн Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн 70 жилийн ойн баярын хүрээнд Москвагийн Авто замын техникийн улсын их сургууль (МАДИ)-д болсон бөгөөд  ОХУ дахь Монголын оюутны холбоо, Монголын Залуучуудын холбооны “Ле мон” клуб, НАМЗХ зэрэг байгууллага хамтран зохион байгуулжээ.


Олимпиадын дэд байрт, И.М.Губкины нэрэмжит Оросын газрын тос, байгалийн хийн улсын их сургуулийн оюутан Э.Даариймаа, Үндэсний судалгааны их сургууль-“Эдийн засгийн дээд сургууль”-ийн оюутан Н.Цэцэгмаа нар тус тус удаалжээ.

ОХУ-д суралцаж буй монгол оюутны 2019 оны илтгэлийн уралдааны тэргүүн байранд Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуулийн оюутан Ц.Марал “Оюутны халаас” сэдэвт илтгэлээр шалгарсан байна. Харин дэд байрт Оросын тээврийн улсын их сургуулийн оюутан Н.Сайханбилэг “Монгол Улсын хөгжилд төмөр замын оролцоо” сэдэвт илтгэлээр шалгарсан бол, гутгаар байрт ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн оюутан Ү.Анармаа “Монгол орны хөгжилд тулгамдаж буй асуудлууд” сэдэвт илтгэлээр орсон байна.  Мөн И.М.Губкины нэрэмжит Оросын газрын тос, байгалийн хийн улсын их сургуулийн оюутан Ц.Цогзолмаа, Үндэсний судалгааны Москвагийн Эрчим хүчний их сургуулийн оюутан Г.Уламжаргал нар тусгай байрын шагнал хүртжээ.
Холбоотой мэдээ