Путин-Кимийн уулзалт: Хоригийг цуцалснаар хуучин холбоотнуудын харилцаа сэргэнэ

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-05-01 13:34:11

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын Владивосток хотноо хийсэн уулзалтын үр дүнгийн тухайд талууд хамтарсан мэдэгдэл хийгээгүй, мэдээлэл хомс байгаа боловч уг уулзалтыг зарим хэвлэлүүдэд “түүхэн” гэж тодорхойлж байна.


Ким Жөн Уны хувьд, 4 дүгээр сарын дундуур болсон БНАСАУ-ын Ардын Дээд хурлын 14 дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаар БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн даргаар дахин сонгогдсоныхоо дараахан Владивостокт зочилсныг Оросын хэвлэлүүдэд онцолжээ.  


Төлөвлөснөөс хоёр дахин удаан сунжирсан Путин-Кимийн ганцаарчилсан уулзалтын дараа Ерөнхийлөгч В.Путин сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Харин Ким Жөн Ун ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй төдийгүй протоколд тусгаснаас 7 цагийн өмнө нутаг буцжээ.


В.Путин хэлэлцээний үр дүнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсний сацуу Ким Жөн Уныг нээлттэй хүн гэж үнэлээд, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орсон бүхий л асуудлаар Умард Солонгосын удирдагчтай чөлөөтэй ярилцсан гэдгээ дурдав.


Путин, Ким Жөн Ун нар хоёр талын харилцааны өнөөгийн байдал, хэтийн төлөв ба Солонгосын хойгт үүссэн нөхцөл байдал гэсэн үндсэн 3 асуудлыг хэлэлцсэн байна.


Солонгосын хойгийн асуудлыг зохицуулахад Оросын оролцоо 


Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах нь Зүүн Хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангах гол хүчин зүйл бөгөөд Орос улсын оролцоогүйгээр тус бүс нутагт аюулгүй байдлын механизмыг бий болгох нь боломжгүй юм.  Умард Солонгостой хиллэдэг 3 улсын нэг болох ОХУ бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 5 байнгын гишүүн орны нэг учраас Солонгосын хойгийн асуудлыг зохицуулахад жинтэй нөлөө үзүүлж чадах гүрэн юм. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулснаар Алс Дорнодод аюулгүй байдал хангагдаж, улмаар бүс нутагт эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжинө гэж Оросын тал үздэг.


Ханой хотод болсон АНУ-БНАСАУ-ын Дээд хэмжээний 2 дахь уулзалт тодорхой үр дүнд хүрэлгүй дууссаны дараахан Орос, Умард Солонгосын удирдагчид уулзсан нь Солонгосын хойгийн асуудлыг энх тайвны замаар шийдвэрлэх үйл явцад шинэ бүтээлч санааг авчрах болов уу гэсэн хүлээлтийг үүсгээд байсан билээ.


Умард Солонгос цөмийн зэвсэгтэй болсон нь АНУ, Хятадын нэгэн адилаар Орос улсыг түгшээдэг. Ийм учраас 2000-аад оны эхээр болж байсан Умардын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт хэлэлцээнд ОХУ оролцож байсан билээ. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаарх ОХУ, АНУ хоёрын байр суурь зарим талаар нийцэж байгаа бөгөөд хамгийн гол нь, Умард Солонгост аюулгүй байдлын баталгаа өгөх нь чухал гэсэн байр сууриа В.Путин Владивостокийн уулзалтын үеэр дахин илэрхийлсэн байна. Мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг алхам алхмаар шийдвэрлэх ёстой гэсэн Оросын байр суурь хэвээр байгааг Ерөнхийлөгч В.Путин дахин нотолжээ.


Харин АНУ-ын эрх баригчид “Ким Жөн Ун цөмийн хөтөлбөрөө  нэн даруй зогсоосон тохиолдолд л Умардын эсрэг авсан хоригоо цуцална” гэж хатуурхдаг. Ийм хатуу болзол нь Ким-Трамп нарын Ханойн уулзалт бүтэлгүйтэхэд хүргэсэн билээ.


Хоригийг цуцалсны дараах эдийн засгийн боломжууд


Умард Солонгосын тал 2017 оноос хойш цөмийн туршилт хийгээгүй учраас тус улсын эсрэг тогтоосон НҮБ-ын хоригуудыг зөөлрүүлэхийг Орос, Хятад, Өмнөд Солонгос гурав уриалж байгаа юм. Орос, Умард Солонгос хоёр хоёулаа олон улсын хоригт орчихоод байгаа нь худалдаа-эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд нь саад тотгор болж байна. Гэхдээ НҮБ-аас хоригийг зөрчилгүйгээр хамтын ажиллагааны өөр хэлбэрийг сонгох боломж бий гэдгийг Оросын тоймчид дурджээ. Тухайлбал, Орос-Умард Солонгосыг холбосон Хасан-Ражин чиглэлийн төмөр зам гэж бий. Ражины хөлддөггүй боомтоор дамжуулан Оросын нүүрсийг Умард Солонгост нийлүүлэх нь НҮБ хоригийг зөрчихгүй юм. ЗХУ-ын үед уг боомтоор олон сая тонн ачаа тээвэрлэж байжээ. 

Хуучин нэрээр ЗХУ нь Умард Солонгосын гол холбоотон байсан бөгөөд зөвлөлтүүд Пхеньянд эдийн засгийн тусламж үзүүлж байсан төдийгүй цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх эх суурийг умардынханд тавьж өгсөн билээ. Социализмын үед буюу 1990 онд ЗХУ-БНАСАУ-ын худалдааны эргэлт 2,2 тэрбум долларт хүрч байсан бол сүүлийн жилүүдэд дөнгөж 70 сая орчим долларт эргэлдэж байв. НҮБ-аас Умардын эсрэг хориг арга хэмжээ авсан нь үүнд улам нэрмээс болж, худалдааны хэмжээ 56 хувиар буурч, жилд 34 сая доллар болжээ.


Владивостокт уулзах үеэрээ Путин, Ким Жөн Ун нар Орост ажиллаж буй Умард Солонгосын ажилчидтай холбоотой асуудлыг хөндөн ярилцжээ. Умардын ажилчид маш хөдөлмөрч бөгөөд хууль дүрмийг чанд баримталдаг хэмээн Оросын орон нутгийн удирдлага өндөр үнэлдэг. Гэтэл НҮБ-ын хоригийн дагуу, энэ оны эцэс гэхэд Орост ажиллаж буй Умардын ажилчид нутаг буцсан байх ёстой. Зарим мэдээллээр, сүүлийн хэдхэн жилийн дотор тэдний тоо 4 дахин цөөрч, 10 мянга орчим хүн үлдээд байгаа бололтой.


Түүнээс гадна, хоёр удирдагч эдийн засгийн төслүүд, тухайлбал, Өмнөд Солонгосын төмөр замыг Транс-Сибирийн төмөр замтай холбох, хий болон газрын тос дамжуулах хоолойнуудыг барих асуудлыг хөндөн ярьсан байна. Тодруулбал, Оросоос Умард Солонгосын нутгаар дайруулан Өмнөд Солонгост байгалийн хий ба цахилгаан эрчим хүч нийлүүлэх талаар гурван тал аль хэдийнэ тохиролцоонд хүрээд байгаа боловч гагцхүү улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад төслүүд гацаанд ороод байгаа юм. Путин, Ким Жөн Ун нар эдгээр асуудлыг хэлэлцсэн боловч ганцхан өдрийн дотор тэдгээрийг шийдвэрлэх боломжгүй гэдэг нь тодорхой. Уулзалтын дараа Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Д.Песков хэлэхдээ, НҮБ-ын болон бусад хоригийг цуцалсны дараа хэрэгжих хоёр талын хамтарсан төслүүдтэй холбоотой нарийн ширийн зүйлүүдийг БНАСАУ-ын удирдагч маш сайн мэдэж байсныг онцоллоо.


Путин-Кимийн уулзалтын тухай дэлхийн хэвлэлүүдэд


Солонгосын Цахилгаан мэдээний агентлаг /КСNA/  “хоёр орны худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын тулд янз бүрийн салбарт идэвхтэй арга хэмжээ авах,  Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Орос-Солонгосын засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар хоёр тал тохиролцлоо” гэсэн албан мэдээг цацжээ. 


Мөн Умард Солонгосын Родон Шинмүн сонинд бичихдээ “Саяхан болсон БНАСАУ-АНУ-ын удирдагчдын 2 дахь уулзалтын үеэр АНУ-ын тал нэг талыг барьсан найрсаг бус байр суурь баримталж байсны улмаас Солонгосын хойгийн байдал хөдөлгөөнгүй зогсонги болж, тэр ч байтугай аюулын ирмэгт дөхөж ирлээ. Солонгосын хойг дахь энх тайван, аюулгүй байдал нь АНУ-ын дараагийн алхмаас шалтгаалах бөгөөд БНАСАУ-ын хувьд үйл явдлын аливаа өрнөлд бэлэн байна гэдгийг манай эрхэм дээд удирдагч онцлон хэллээ” гэжээ.


Өмнөд Солонгосын Korea Times сонинд бичсэнийг үзвэл “Ким Жөн Ун, В.Путин нарын уулзалтыг дэлхийн олон нийт анхааралтай ажиглан харж байлаа. Гэхдээ энэ уулзалт нь Умард Солонгосын удирдагчийн Мүн Жэ Ин, Дональд Трамп нартай хийсэн хэлэлцээтэй харьцуулахад төдийлөн анхаарал татсангүй. Путин, Ким нар бие биендээ сайн сайхныг хүсч, Солонгосын хойгийн байдлын талаарх өөрсдийн албан ёсны байр сууриа илэрхийллээ. Путиний зүгээс 6 талт хэлэлцээг сэргээхийг Ким Жөн Унд санал болгоно гэж хүлээж байсан боловч цаг хугацааны хувьд тохиромжгүй байсан бололтой” гэжээ.


Японы Асахи Шимбун сонины дүгнэлтийг толилуулбал, өмнө нь Умард Солонгосын удирдагч Оросоос зайгаа барьж, Трамптай шууд яриа хэлэлцээ хийхэд голлон анхаарч байсан бол 2 дугаар сард Ханойд болсон уулзалт бүтэлгүйтсэний дараа бүх зүйл өөрчлөгдсөнийг дурдсан байна. Хоригуудыг аажмаар зөөлрүүлэх саналыг Пхеньяны зүгээс тавьж байгаа боловч АНУ үүнийг эрс няцаасан нь Ханойн уулзалт бүтэлгүйтэх шалтгаан болсон билээ. Энэ үед зургаан талт хэлэлцээг сэргээх нь зүйтэй гэсэн саналыг Путин Владивостокт дэвшүүллээ. Оросууд тоглоомонд оролцож эхэлсэн нь Вашингтоныг сандаргаж буй нь илт байна. 


Ёмүри Шимбун сонинд дүгнэн бичихдээ “оросууд 2014 онд Крымыг өөртөө нэгтгэсэн болон АНУ, ОХУ хоёр Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнээс гарсан зэргээс үүдэн хоёр талын харилцаа улам бүр муудсаар байгаа билээ. Энэ нөхцөлд Пхеньянд нөлөөлөх Москвагийн нөлөө нэмэгдэж байгаа нь оросуудын хувьд АНУ-тай харилцахдаа хэрэглэх чухал “дипломат хөзөр” болох юм.

Нөгөөтэйгүүр, нөхцөл байдал сайжирч, хориг цуцлагдсаны дараа Умард Солонгосын нутгаар дайруулан Өмнөд Солонгос хүртэл хийн хоолой тавих саналыг Оросын тал хэдэн жилийн өмнөөс дэвшүүлсээр ирсэн. Хүн ам нь цөөрсөөр буй Оросын Алс Дорнодын бүс нутгийн эдийн засгийн байдлыг сайжруулахад энэ нь тус дөхөм болох нь мэдээж.    


Хятадын эрх баригчдын албан ёсны байр суурийг илэрхийлдэг “Чайна Дейли” сонинд бичсэнийг үзвэл “Путин, Ким Жөн Ун нарын анхны уулзалт нь АНУ-ын зүгээс ирж буй “асар их дарамт шахалт”-ыг сөрөн зогсох зорилготой. Орос улс бүс нутгийн асуудлыг зохицуулахад идэвхтэй оролцох болсныг нааштайгаар үнэлэх нь зүйтэй бөгөөд энэ нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад шинэ түлхэц өгнө гэж дүгнэжээ.


Америкийн Associated Press агентлагийн мэдээнд “энэ удаагийн уулзалт нь Путиний хувьд Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлыг хэлэлцэхэд Орос улсын оролцоо чухал гэдгийг харуулах боломж байв” гэж дурдсан байна.    


СNN-ийн мэдээлснээр бол, Пхеньяны байр суурийг АНУ-ын талд тайлбарлаж өгөхийг Ким Жөн Ун Оросын талаас хүссэн гэдгийг Ерөнхийлөгч В.Путин дурджээ. Та бүхэн ямар нэгэн асуудлыг хэлэлцээний замаар шийдэх гэж байгаа бол Путинтэй ярьж хэлэлцэх хэрэгтэй гэсэн дохиог Кремлийн ордноос өглөө.    


The New York Times сонины тоймч дүгнэхдээ “Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт хэлэлцээг сэргээх гэсэн Оросын талын аливаа оролдлого нь Трампын хувьд таагүй мэдээ болно. Учир нь, ийм бүтцээр хэлэлцээ хийж байсан нь АНУ-ын өмнөх засаг захиргаадын хэрэгжүүлж байсан буруу тактик гэдгийг Америкийн одоогийн ерөнхийлөгч нэг бус удаа хэлж байсан юм. Кимтэй шууд уулзаж ярилцах нь цөмийн асуудлыг шийдэхэд илүү боломжийг олгоно хэмээн Трамп үздэг” гэжээ


Fox news сонинд бичсэнээр бол, НҮБ-д сууж байсан АНУ-ын төлөөлөгч Билл Ричардсоны үзэж байгаагаар, Путин, Ким нарын уулзалт төдийлөн үр дүнтэй болоогүй аж. Хэдийгээр Ким Оросоос эдийн засгийн тусламж авч чадаагүй боловч тухайн уулзалт нь тэдний хэн хэнд нь улс төрийн хувьд ашигтай байлаа. Путиний хувьд, Орос улс нь дэлхийн тавцанд нөлөө бүхий тоглогч хэвээрээ байгаа гэдгээ харуулсан бол харин Кимийн хувьд тэрбээр дипломат үйл ажиллагааны тал дээр ганцаардаагүй гэдгээ ойлгууллаа. Юуны өмнө, Ким Жөн Ун хоригийг зөөлрүүлэх, тодорхой хэмжээгээр нефть худалдан авах сонирхолтой байсан, хоёрдугаарт, АНУ-Умард Солонгосын хооронд гэрээ байгуулсан тохиолдолд Орос улс уг гэрээг хянах ёстой орнуудын нэг байх нь зүйтэй гэсэн санааг Ким илэрхийлж байгаа юм.   


Эцэст нь, Их Британийн Файнэншл Таймс сонины тоймчийн хийсэн дүгнэлтийг товч сийрүүлвээс, хэрвээ Трамптай хийх хэлэлцээ нь урьдын адил үр дүнд хүрэхгүй аваас өөрт нь холбоотон болж чадах улс орнууд бий гэж Ким ойлгуулахыг оролдсон бол Путиний хувьд, Орос улс бол геополитикийн чухал тоглогч хэвээр байгаа гэдгийг харуулж чадлаа. 


Б.Адъяахүү

Эх сурвалж: news.rambler.ru

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ