Жазз хөгжмийн олон улсын өдөрт зориулсан тоглолт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-01 14:33:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс "Fat Cat Zazz Club Ulaanbaatar"-тай хамтран жазз хөгжмийн тоглолт өчигдөр зохион байгуулав. ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг Олон улсын жазз хөгжмийн өдөр болгон тэмдэглэхээр баталсан билээ.

Тоглолтыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Роберт Тэйт нар үг хэлж нээв. Тоглолтод жазз дуучин Энжи, Наагий, "Баянмонгол" хамтлаг, БНСУ-аас саксофонч Ким Жисүк, Шотланд улсаас төгөлдөр хуурч Пол Кирби, ХБНГУ-аас басс хөгжимчин Мартин Цинкэр, АНУ-аас Стийв Пруит нар оролцжээ. Түүнчлэн тоглолтын үеэр Монгол Улсын жазз хөгжмийн түүхийн талаарх баримтат киног толилуулсан байна.


ЮНЕСКО нь жазз хөгжмийг энх тайван, харилцан ойлголцлыг хөхиүлэн дэмжихээс гадна хүний эрх, нэр хүнд, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, жендерийн тэгш байдал, залуучуудын оролцоог дэмжиж ялгаварлан гадуурхах явдлыг устгах гол хүчин зүйлсийн нэг хэмээн үздэг юм. 

Холбоотой мэдээ