Сүрьеэгүй Монголын төлөө нэгдэхийг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-03-24 15:22:10

Өнөөдөр тохиож буй “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг энэ жил “Сүрьеэгүй Монголын төлөө нэгдэцгээе” уриан дор тэмдэглэж байна.

Сүрьеэгээс сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллага, иргэний нийгэм, хувийн салбар болон хэвлэл мэдээллийн салбар хамтран ажилласнаар сүрьеэ өвчнөөс сэргийлэх ажил үр дүнд хүрч болохыг ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др.Су Нюунт У өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд болсон хэвлэлийн хурлын үеэр онцлов.

2015 оны статистик мэдээгээр сүрьеэгийн нийт 4270 шинэ тохиолдол, түүний дотор халдвартай хэлбэрийн сүрьеэ 1814 бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн сүрьеэгийн өвчлөлийн 9 орчим хувийг хүүхдийн сүрьеэгийн өвчлөл, 67 хувийг ид хөдөлмөрлөх 15-44 насныхан, 55.3 хувийг эрэгтэйчүүд, 44.7 хувийг эмэгтэйчүүд тус тус эзэлж байна. 2015 онд эдгэрэлтийн түвшин 79.5 хувь, эмчилгээний амжилт 84.3 хувьтай байна.

Сүрьеэтэй өвчтнийг эрт илрүүлж оношлох нь маш чухал. Оношлогдсон тухайн өвчтөн эмчлүүлж, улмаар эдгэрэх нь халдварыг бусдад тараахгүй байх хамгийн сайн арга юм. Иргэд сүрьеэ өвчний талаар мэдлэг хандлагаа сайжруулснаар сүрьеэгийн халдвараас өөрийгөө сэргийлэх, өвдсөн тохиолдолд эмнэлэгт хандах хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.

Сүрьеэ бол эдгэрдэг өвчин ч гэсэн хүн амын эмнэлэгт хандалт, сүрьеэ өвчний талаарх мэдлэггүй байдал, эмээ тогтмол хугацаанд эмчийн зааврын дагуу уухгүй байх, гэр бүл, найз нөхдийн зүгээс сэтгэлзүйн дэмжлэггүй байдал нь эмэнд дасалтай сүрьеэтэй болоход хүргэдэг аж.

Сүрьеэ өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой бөгөөд сүрьеэ өвчний үед гарах шинж тэмдгийг мэддэг, эмнэлэгт ханддаг, төгс эмчлүүлдэг, хүн бүр биеийн эсэргүүцлээ сайжруулах, ажил амралтаа зөв зохистой зохицуулах, нярай болон 8 настай хүүхдийг БЦЖ вакцинд хамруулах, дотоод орчны агаарын чанараа сайжруулах, гудамжинд нус цэрээ хаяхгүй байх, хаяж байгаа хүнд шаардлага тавих чадвартай байх, амаа дарж ханиалгаж хэвших зэрэг сэргийлэх арга зам бий. Таны хажууд байгаа хэн нэгэн удаан хугацаагаар ханиалгаж байвал эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хандаж, шинжилгээ хийлгэж, сүрьеэтэй хэмээн оношлогдсон бол эмчилгээгээ таслалгүй хийлгэхэд туслан, энэ ажилд бүгдээрээ нэгдэцгээе хэмээн эмч, мэргэжилтнүүд уриалав.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ