Үнэт зүйлс өв соёлоо хөгжлийн бодлогод тусган хөгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-05-02 16:10:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний хөгжлийн газарт өнөөдөр “Монголчуудын үнэт зүйл” зөвлөлдөх уулзалт боллоо.

ҮХГ-ын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Эрдэнэбаяр уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ, Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт, манай улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг үндэслэн Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлогыг шинээр боловсруулж буйг дуулгаад, “Энэ цаг үед нийгмийн оюун санааны нэгдмэл байдлыг хангаж чиглүүлсэн хүчин зүйлийн нэг нь монголчууд бидний өвөг дээдсээс хадгалж ирсэн үнэт өвийн уламжлал байх юм” гэдгийг онцолж, соёл иргэншлээ хөгжлийн бодлогод тусгах хэрэгтэй байна, энэ зорилгоор монголчуудын үнэт зүйлсийн талаар эрдэмтэн, мэргэдийнхээ үгийг сонсож санал бодлоо солилцон мэдлэгээ хуваалцаж байна” гэв.  

Уулзалтын талаар ҮХГ-ын Бүс нутаг, хот байгуулалт хариуцсан зөвлөх С.Намжилмаагаас цааш нь тодруулбал, Бүсчилсэн хөгжлийн бодлого нь хэдийгээр эдийн засаг тал руугаа байдаг ч улс болон салбарын бодлоготой холбогдуулан нийгмийн үнэт зүйлсийн талаар ярилцаж, олон талын санаа оноог сонсож байна. Энэ үүднээс бид 21 аймгаар явж иргэд болон ТББ, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн гэсэн олон төлөөлөлтэй уулзаж байхад бодууштай, бодлогод тусгах нарийн зүйлүүд байна. Өнөөдөр бид том хэмжээний бүтээмжтэй эдийн засгийн салбар ч юм уу, бидний бүтээн байгуулж буй том том үйлдвэр, дэд бүтэц, хот бидний үнэт зүйлс мөн үү. Эсвэл энэ нь бид бодлогодоо уламжлах ёстой өөр ямар үнэт зүйлс байна уу гэдэг талаар хэлэлцэж байна” гэв.

Жишээ нь, Монголын археологийн дурсгалт зүйл нь үндэсний өв соёлын эх сурвалж юм гэсэн илтгэлийг “Улаанбаатар” их сургуулийн профессор Д.Эрдэнэбаатар тавихдаа, Монгол Улс хүннүгийн төрт ёсны үеэс эхлэн түүх, соёлын, тэр дундаа археологийн том өвтэй улс юм гэдгийг онцлож байв. Тэр бүхний биет болон биет бус өв уламжлал манай улсын газар нутгаар хязгаарлагдахгүй байгааг тэмдэглэв. Түүнээс гадна палеонтологи талаас монголчууд дэлхийн шим ертөнцийг үүсч хөгжихөд дэлхийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, үнэт зүйл их гэдгийг ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал, доктор Х.Цогтбаатар тавьсан илтгэлдээ онцолж, наад зах нь үлэг гүрвэлийн Монголоос олдсон өндөгөөр жишээ татаж байв. Монголын палеонтологийн шинжлэх ухаан бол Монголын маш том ирээдүй юм” гэдгийг тэрээр хэлж байв.




Өв соёл, уламжлалаа төрт ёс, түүх, археологи, палеонтологи, хүн ам, угсаатны зүй, соёлын биет болон биет бус өв, хэл соёл, шашны гүн ухааны гэсэн дөрвөн чиглэлээр хөгжүүлэхээр тогтов. 


Бүсчилсэн хөгжлийн бодлого гэж олон жил ярьж, олон бичиг баримт гарсан. Танай газар тэр бүхнийг цэгцэлж байгаа гэсэн. Бодлогыг шинэчлэн гаргахдаа энэ бүхнийг тусгах уу?” гэсэн бидний асуултанд ҮХГ-ын Бүс нутаг, хот байгуулалт хариуцсан зөвлөх С.Намжилмаа хариулахдаа, “Монголд хүчин төгөлдөр мөрдөж буй бүх салбарын хийсэн 160 гаруй баримт бичиг байна. Эдгээрийн дутагдалтай тал нь орон нутгийн байршил нь тодорхойгүй, билэгдэлийн чанартай заасан, стратеги, зорилт, арга хэмжээ бүхий баримт бичиг их байдаг. Тиймээс одоо шинэчилж буй Бүсчилсэн хөгжлийн бодлогод салбарын болон Засгийн газрын бодлогыг аймаг, орон нутагт байршилтай нь, хүн ардад хүрэх боломж нөхцөлөөр хангаж харьцуулж тусгахаар зорьж байна. Нэг ёсондоо бид алдаагаа засч байна гэсэн үг. Бүх салбарын бодлогыг орон нутагт, амьдралд буулгасан, нэг уялдаа холбоонд зангидсан бодлогыг хийж байна” гэв.

Шинэчилсэн бүсчилсэн хөгжлийн бодлого хэзээ гарах вэ?” гэсэн асуултанд тэрбээр, “Бид эхний хагас жилдээ бүх аймгаар яваад дуусч байна. Сүүлийн хагас жилд бодлогын баримт бичгийг яамдтай хамтран боловсруулж дуусгахаар Ерөнхий сайдын гаргасан захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Улмаар энэ оны 12-р сард Засгийн газарт өргөн барьж, Бүсчилсэн хөгжлийн шинэчилсэн бодлого 2020 оны эхээр гарна” гэв.

Өнөөдрийн уулзалтанд ШУА-ийн судлаач, докторууд, академичид болон төр, шашин, соёлын төлөөлөл оролцлоо. Тэд монголчуудын үнэт зйүлс болсон өв соёлоо хадгалан хамгаалж хөгжүүлж байхгүй бол оюуны болон ёсзүйн үнэт зүйлсээ алдахад хүрч буйг сануулж, энэ талаар хөгжлийн бодлогодоо тусган хөгжүүлэх ёстойг хэлж байв. Ингэхдээ өв соёл, уламжлалаа төрт ёс, түүх, археологи, палеонтологи, хүн ам, угсаатны зүй, соёлын биет болон биет бус өв, хэл соёл, шашны гүн ухааны гэсэн дөрвөн чиглэлээр хөгжүүлэхээр тогтов. 

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ