Олон улсын дээд боловсролыг магадлан итгэмжлэх шинжээчид Монголд ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Европын холбооны “Erasmus+” хөтөлбөрийн C3QA төслийн олон улсын шинжээчид Отгонтэнгэр их сургууль, сургалтын хөтөлбөр, материаллаг баазыг шалгаж, багшлах нөөц, оюутан, төгсөгчидтэй уулзаж, өөрийн үнэлгээний тайланд гурав хоног ажиллаад дүнгээ гаргана.
Армен дахь Францын их сургууль, Испани дахь Алкалагийн их сургууль, Украин дахь Киевийн их сургуулийн доктор, профессоруудаас бүрдсэн долоон шинжээч, Монголын талаас академич, МУБИС-ийн профессор Б.Жадамбаа, ХУИС-ийн багш, доктор, профессор Н.Оюунцэцэг нар шинжээчдийн багт ажиллаж байна.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Боловсрол судлал” докторын хөтөлбөрийн олон улсын магадлан итгэмжлэх ажиллагаанд оролцлоо. Тэрбээр, “Монголын их, дээд сургуулиас анх удаа докторын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэх гэж байгаа нь түүхэн үйл явдал. Танай хамт олны хичээл, зүтгэл бидэнд сайхан мэдээ дуулгана гэдэгт итгэлтэй байна. Европын чанар стандартыг салбарынхаа хөрсөнд буулгах нь Монголын залууст өгөөжтэй хэрэг болно. Манай сургуулиуд олон улсад магадлан итгэмжлэгдэж, хөгжлийнхөө дараагийн шатанд гарах болтугай” гэв.
Монгол Улсын боловсролын салбарт анх удаа докторын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагыг боловсруулан баталж, тус шалгуураар МУИС, Отгонтэнгэр их сургуулийн докторын хөтөлбөрийг магадлан итгэмжлэхээр олон улсын шинжээчид ажиллаж байгаа нь түүхэн ач холбогдолтой.
Хөтөлбөрийг магадлан итгэмжилснээр
Монголын их сургуулиуд судалгааны их сургууль болох, олон улсын стандартад
нийцсэн хөтөлбөрөөр шилдэг судлаачдыг бэлтгэхэд ихээхэн хувь нэмэр оруулах
юм.