Лалын шашинтнуудын ариун "Рамадан" сар эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-05-06 10:58:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Дэлхийн лалын шашинтнуудын ариун сар "Рамадан" өнөөдрөөс эхэлж байна. Энэ нь хижра буюу ислам он тооллын ес дэх сар буюу хүн төрөлхтний гар дээр Коран судрын анхны мөртүүд буусан сар юм. 

Хүмүүс тухайн сарыг дуустал үүрийн гэгээнээс эхлээд нар жаргатал ганц балга ус ч уулгvй мацаг барьдаг. Энэхүү заншлыг "Ораза" хэмээн нэрлэдэг ба энэ нь исламын таван тулгуурын нэг, лалын шашинтан хүн бүрийн ариун үүрэг аж. Мацаг барихгүй байхыг жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд, аян замд яваа болон өвчтэй хүмүүст зөвшөөрдөг байна.

Мөн идэж уухаас гадна хараал хэлэх, зохисгүй зан авир гаргах, муу үйл хийх, бэлгийн харьцаанд орох зэргийг хориглох бөгөөд залбирал, уншлагаар оюунаа ундаалах нь илүү үр ашигтайд тооцогддог. Түүнээс гадна хүн бүр дор бүрнээ сайн үйлс хийх, нар жаргасны дараа мацаг барьсан хүмүүс болон ядууст зориулан ширээ засаж дайлах нь энэ сарын хамгийн гол заншил юм.

Баян-Өлгийнхний хувьд Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулиар ард түмэнд шашин шүтэх, эс шүтэх эрх олгогдсоноор буюу 1990 оноос шашны зан үйлээ дахин сэргээж, Рамаданы зан үйлийг мөрдөж эхэлсэн түүхтэй. Уламжлалын дагуу иргэд өчигдөр орой лалын сүмүүдэд "Тарауих" хэмээх Рамадан сарын тусгай мөргөлийг үйлдэж, өнөөдөр 03:55 цагаас мацаг барьж эхлээд байна.     

Холбоотой мэдээ