УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудад ажиллалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-07 15:12:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүүхдийн эрхийг хамгаалах хууль, тогтоомжийг хэрэгжилтийг шалгах зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургууль болон хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудад ажиллалаа.


 133 дугаар сургуулийн барилгын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэх үүрэг өгөв



Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо нь 22 мянга гаруй хүн амтай бөгөөд үүний 5000 гаруй нь сургуулийн, 2800 орчим нь цэцэрлэгийн насны хүүхэд аж. Гэтэл эдгээр хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд суралцах эрх ноцтой зөрчигдөж байгаа талаар эцэг эхчүүд хэлж байлаа. Тодруулбал, хорооны нутаг дэвсгэрт ганц ч цэцэрлэг байдаггүй аж. Түүнчлэн 2017 онд шинээр байгуулсан 133 дугаар сургуульд 1540 хүүхэд суралцдаг ч өөрийн гэсэн байргүйн улмаас “Монгол тэмүүлэл” олон улсын лаборатори сургуулийн 1, 2 давхрын 15 танхимд гурван ээлжээр хичээллэж байгаа аж. Танхим хүрэлцээгүй тул нэг ширээнд 4-5 хүүхэд сууж хичээллэдэг байна. Тус хороонд энэ онд нэгдүгээр ангид орох 680 хүүхэд байгаа юм. Сургуулийн барилгын аасуудлыг шийдэхгүй бол эдгээр хүүхдийн сурах эрх зөрчигдөх нөхцөл үүсээд байгаа юм. 133 дугаар сургуулийн 920 хүүхдийн багтаамжтай байрыг барих 6.6 тэрбум төгрөгийг 2018 оны улсын төсөвт суулгаж, мөн оны наймдугаар сард нийслэлийн Засаг даргын захирамжаар 7500 ам.метр газрыг “Олимп” хотхоны арын талбайд олгожээ. Гэвч тус хотхоныг барьсан “Ика” ХХК шүүхэд гомдол гаргаснаар газрын асуудал гацаанд оржээ. Газрын асуудлыг шийдээд өгчихвөл 133 дугаар сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн байгаагаа “Неман” констракшн ХХК-ийн захирал Л.Баясгалан хэлсэн.


Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар ирэх долоо хоногт газрын асуудлыг нь шийдэж, барилгын ажлыг нь эхлүүлж, 10 дугаар сард ашиглалтад оруулах үүргийг Нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаныханд өглөө.


Нийгмийн сүлжээгээр бэлгийн хүчирхийллийн талаар хяналтгүй “давалгаалах нь”
хүчирхийлэгчдэд сэдэл өгдөг



Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүүхдийн эрх хамгааллын “Үжин” төвд ажиллалаа. Тус төв бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдэд нөхөн сэргээх 12 төрлийн үйлчилгээг үзүүлдэг юм байна. Тус төв нэг дор 6 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай ч одоогийн байдлаар 13 хүүхэдтэй байна. Гэр бүлийн харилцааны сөрөг тал, архины хамааралтай эцэг эх, салалт зэрэг нь хүчирхийлэл үйлдэх нөхцөл болж байгааг тус төвийн захирал Д.Ундраа хэллээ. Тэрбээр, “Баг, хороо, сум дүүргийн Засаг дарга нар хүн амынхаа талаар бүрэн мэдээлэлгүй, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд тусламж үзүүлдэггүй, цэцэрлэг, сургуулийн багш, эмч, нийгмийн ажилтнууд хүүхдүүдэд хүчирхийллийн эсрэг сургалт, мэдээлэл өгдөггүй зэрэг төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоогүй байдлаас болж хүүхэд хохирдог. Орон нутгийн Засаг дарга нар малынхаа тоог цээжээрээ хэлдэг атлаа хүүхдийн тоогоо тэр дундаа эрсдэлт бүлгийн өрх, хүүхдийн тоог огт мэдэхгүй байдаг. Төрийн бодлого шийдвэрүүд ихэвчлэн “өнгөрсөн борооны араас цув нөмрөх” гэдэг шиг хүчирхийлэл болсны дараа хамгаалахад чиглэж байна. Иймд хүүхдүүдэд бага наснаас нь хүчирхийллийн талаарх мэдлэгийг насны онцлогт нь тохируулан өгдөг байх сургалтын хөтөлбөртэй болох зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, олон улсад сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт “бахирах” буюу “чиний биед хэн ч зөвшөөрөлгүй хүрч болохгүй. Хэрэв хүрвэл хашгирч бусдад мэдэгдэх ёстой” гэдгийг ойлгуулдаг" гэлээ. Мөн тэрбээр бага насны хүүхдийг түр хамгаалах байрны асуудлыг бодлогын хэмжээнд шийдэж өгөхийг УИХ-ын дарга Г.Занданшатараас хүсэв.


Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, "Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдүүд сэтгэл санааны хүнд хямралтай, бэлгийн замын халдварт өвчинтэй байдаг учраас чадварлаг, мэргэжлийн нийгмийн ажилтантай байх ёстой. Мөн хүүхдийн эсрэг гэмт хэргийг шийдвэрлүүлэхэд өмгөөллийн асуудал ч хүндрэлтэй. Төрөөс үнэ төлбөргүй өмгөөллөөр хангах ёстой ч тэдгээр өмгөөлөгчдийн ур чадвар муу, шүүх хуралдаандаа ирдэггүй зэрэг асуудлууд тулгардаг. Хүчирхийлэл үйлдэгч нь өмгөөлөгчтэй шүүх хуралд орж байхад хохирогчид өмгөөлөгчгүй байдаг" гэлээ.


Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хийсэн судалгаагаар нийгмийн цахим сүлжээгээр хүчирхийллийн талаарх мэдээллийг хяналтгүйгээр цацаж байгаа нь нэг талаар сэрэмжлүүлэг болдог ч нөгөө талаар хүчирхийлэгчдэд “ингэж болох юм байна” гэсэн сэдэл өгдгийг тогтоожээ. Бэлгийн хүчирхийллийн хохирогчид зөвхөн охид байхаа больж, сүүлийн үед хөвгүүдийн асуудал ч яригдах болсон байна. Тиймээс зөвхөн ялын бодлогоор бэлгийн хүчирхийллийн асуудлыг шийдэхгүй, урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв шийдэл гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.


Гэр бүлийн орчин, архидалтаас болж хүүхэд хүчирхийллийн хохирогч болдог



Үүний дараагаар УИХ-ын дарга Г.Занданшатар Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны ажилтай танилцав.


Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр нь бэлгийн, сэтгэл санааны, хөдөлмөрийн мөлжлөгийн, бие махбодийн, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд үйлчилдэг байна. Түүнчлэн эдгээр хүүхдийн аюулгүй байдлыг нь хангах, эрүүл мэндийн анхан шатны тусламж, боловсрол олгох, холбон зуучлах үйлчилгээг үзүүлдэг аж. Тус төв 2018 онд нийт 995 хүүхдийн аюулгүй байдлыг хангаснаас 34 тохиолдол нь бэлгийн хүчирхийллийн хохирогч байжээ. Хүчирхийлэл үйлдсэн шалтгаанд архины хамааралтай эцэг эх, гэр бүл салалт нөлөөлжээ. Түр хамгаалах байр 22 хүүхэд хүлээн авах боломжтой ч одоогийн байдлаар 36 хүүхэдтэй байна. Хуулийн хүрээнд 72 цаг хамгаалах ёстой ч нөхцөл байдлаас шалтгаалан 7 хоногоос 3 сар хүртэлх хугацаагаар байрлуулж байгаа аж.


Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв нь 24 цагаар тасралтгүй ажилладаг. Өдөрт дунджаар 500-1200 дуудлага хүлээн авдгаас 40 орчим хувь нь зөвлөгөө мэдээлэл авдаг аж. Тус төв 4 оператортой. Оператор нэг хүүхэдтэй дунджаар 50 минут ярих шаардлагатай болдог бөгөөд байнга сөрөг мэдээлэл сонсож, ярилцдаг учраас ажлын ачаалал ихтэйн дээр сэтгэл зүйн хямралд өртдөг байна.


УИХ-ын дарга Г.Занданшатар,  “Энэ сарын 08-нд хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн зөрчлийн асуудлаар УИХ-ын гишүүдийн санаачилгаар хяналтын нийтийн сонсгол зохион байгуулна. Бүх салбарын төлөөлөл оролцож асуудлыг нарийн ярилцаж, гарц шийдлийг олно. Төрийн байгууллагуудын уялдаа холбоог тодорхой болгох шаардлагатай. Тиймээс та бүхэн энэ сонсголд заавал очиж оролцоорой” гээд хүүхдийг хүчирхийллээс хамгаалах асуудалд УИХ онцгой анхаарал хандуулж, ойрын үед холбогдох хууль тогтоомж гаргахаар ажиллаж байна гэлээ.

Холбоотой мэдээ