“Цусаа бэлэглэе” өдөрлөгт 30 гаруй иргэд нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-05-08 15:07:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ш.Үнэнбатын санаачилгаар Цус сэлбэлт үндэсний төвд “Цусаа бэлэглэе” өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.


Өдөрлөгт эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн IX, X, XI хорооны 17-60 насны 30 гаруй иргэдийг хамруулсан юм.


НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат: Монголчууд бид маш олон баяр тэмдэглэдэг болсон. Маргааш Ялалтын баярын өдөр. Дэлхийн хоёрдугаар дайнд 110 мянган хүн оролцож, 50 мянга гаруй хүний амь үрэгдсэн гашуун түүхтэй учраас “Цусаа бэлэглэе” аяныг энэ өдөр зохион байгуулж, эрдэнэт хүний амийг аврах сайн үйлсийн ажил эхлүүллээ. Энэхүү аяныг Ялалтын баярыг тохиолдуулан цаашид жил бүр уламжлал зохион байгуулахаар зорьж байгаа учраас иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

ЦССҮТ-ийн нийгмийн ажилтан Ж.Энхбат: Энэхүү өдөрлөг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон ажил болж байна. Сайн дурын, авлагүй донорын эгнээнд нэгдэж байгаа иргэдэд баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Манай төвд цусны нөөц хангалттай байгаа боловч сорьц цуглуулах ажлыг байнга хийх шаардлагатай байдаг.

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны хүндэт донор Д. Миеэжав: 2004 оноос эхлэн цусаа өгч хүндэт донор болсон. Донор болно гэдэг олон хүний амь насыг авардаг маш хариуцлагатай учраас хувь хүний зохион байгуулалт маш чухал. 300 грамм цусаар 3-4 хүний амь авардаг. Тиймээс монголчууд бид энэ олон  баяр ёслолыг архидаж өнгөрүүлэхээсээ илүү нийгэмд хэрэгтэй ажлыг санаачлан зохион байгуулж байхыг хувьдаа их дэмждэг.  


НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат цаашид тэмдэглэлт баярын өдрүүдэд нийгмийн хариуцлагын хүрээнд тогтмол сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж, хороо, дүүргийнхээ иргэд оршин суугчдад чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ