“Монгол, Хятадын найрамдал бидний нүдээр ”уран зургийн уралдаан зарлалаа

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн хятад хэлээр гардаг “Мөнгү Шяоши Бао” сониноос Монгол, Хятад улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, тус сонины 90 жилийн ойг тохиолдуулан  уран зургийн уралдааныг 5 дугаар сарын 13-27-ны хооронд зарлалаа.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хятадын соёлын төвийн дэмжлэгтэйгээр зохиож буй уг уралдаан  “Монгол, Хятадын найрамдал бидний нүдээр” сэдвийн дор болох бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хятад хэлний сургалттай ЕБС-иудын 1-8 дугаар ангийн сурагчид  оролцох боломжтой юм.

Уралдаан нь сурагчдын төсөөлөх ур чадвар, уран зургийн мэдрэмжийг хөхиүлэн дэмжих, Монгол-Хятадын найрамдалт харилцааг хүүхэд багачууд хэрхэн үзэж буйг нээн харуулах, Монгол орныг гадаад ертөнцөд таниулахад хувь нэмэр оруулах үйлсэд хүүхэд багачуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Уралдааны бүтээлийг А3 хэмжээний цаасан дээр  зурж, Төв шуудан-1514, МОНЦАМЭ агентлаг, Мөнгү Шяоши Бао /хятад хэлээрх/ сонины газрын хаягаар ирүүлэх буюу өөрийн биеэр МОНЦАМЭ агентлагийн 304 тоотод хүргэж өгнө.

Бүтээлүүдийг “Мөнгү Шяоши Бао” сонин, БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яам, Хятадын соёлын төв, Дүрслэх урлагийн сургуулийн хамтарсан шүүгчдийн баг шүүж, 6 дугаар сарын эхээр шилдэг оролцогчдод шагнал гардуулах ёслол зохион байгуулна.

Уралдаанд шалгарсан сурагчдыг өргөмжлөл, 50 000-150 000 төгрөгийн мөнгөн урамшуулал болон БНХАУ-ын элчин сайдын яам, Хятадын соёлын төвийн нэрэмжит шагнал, бэлэг дурсгалын зүйлээр шагнана. Мөн шалгарсан бүтээлүүдийг агентлагийн “Мөнгү Шяоши Бао” сонин, мэдээллийн цахим хуудсаар түгээн олны хүртээл болгох юм.

Монголын цорын ганц хятад хэлээрх тогтмол хэвлэл “Мөнгү Шяоши Бао” сонин нь 1929 оноос хойш 90 дэх жилдээ гарч буй, Монгол-Хятадын харилцааны нэгэн гүүр болсон хэвлэл юм.

                                                                                                                                                                                        Б.Мөнхтуул