Хан-Уул дүүргийн 39 багш хуримлав

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2019-05-10 17:18:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн Засаг даргын санаачилгаар “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан дүүргийн ЕБС, цэцэрлэгийн 39 багш Гэрлэх ёслолын ордонд өнөөдөр гэрлэлтээ батлууллаа.


Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Аз жаргалтай гэр бүл” хөтөлбөрийн хүрээнд  дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, Гэрлэх ёслолын ордон хамтран  "Сайн багш-Сайхан гэр бүл" гэрлэх ёслолыг зохион байгуулав. 

Тус дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус  өмчийн  37 сургууль, 118  цэцэрлэгт  4200 гаруй багш, ажилтан ажилладаг. Ажил үйлсээрээ бусдад үлгэр дууриал болсон 39 багш, сурган хүмүүжүүлэгч өнөөдөр гэрлэлтээ батлуулсан ч хуримаа ёсолж амжаагүй боловсролын тэргүүн шугамд зүтгэдэг аж. Иймээс багш, ажилчдадаа  ажиллах эрч хүч, урам зориг өгөх зорилгоор энэхүү ажлыг зохион байгуулжээ.  

 

НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хэлэхдээ, Сайн эцэг, эх байх үүрэг хариуцлагаа ухамсарласан, хамт олондоо хүндлэгдсэн сурган хүмүүжүүлэгч нарын төлөөлөл албан ёсоор гэрлэлтээ баталгаажуулж байна. Ажил мэргэжил, амьдралын шаардлагаас болоод гэрлэлтээ албан ёсоор ёсолж амжаагүй байсан дүүргийн үлгэр жишээ сурган хүмүүжүүлэгч та бүхний цаашдын ажил, амьдрал үргэлж өөдрөг өнөөдрийнх шиг аз жаргалаар дүүрэн байх болтугай. Мөн гэр бүлийн бат бэх харилцаа, хамтын амьдралын нандин холбоог дээдлэн таниулах зорилготой “Дурсамж” өдөрлөгийг зохион байгуулахад хувь нэмрээ оруулан хамтран ажилласан Гэрлэх ёслолын ордны хамт олонд талархал дэвшүүлье” гэв.

 
Энэхүү баярт мөчийг нь хуваалцахаар хүрэлцэн ирсэн дүүргийн удирдлагууд, сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар хосуудад дурсгалын зүйл гардуулж баяр хүргэж, уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.


 


Холбоотой мэдээ