Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын сургалт боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Иргэн таны төлөө-Мэргэжлийн хяналт” аяны хүрээнд “Цацрагийн хяналтын улсын байцаагчдын чадавхыг бэхжүүлэх, цацрагийн ослын үеийн бэлэн байдлыг хангуулах нь” сэдвээр улсын байцаагчдын сургалт энэ сарын 8-9-нд Улаанбаатар хотноо амжилттай боллоо. Тус сургалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулжээ.
Сургалтад 16 аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хянаж ажиллаж буй улсын байцаагч нар болон ХАБҮЛЛ-ийн Цацрагийн хяналтын лабораторийн шинжээчдийг хамруулав. Цацрагийн ослын үеийн бэлэн байдал, цацрагийн осол, хордлогын үед авах хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Хавдар судлалын үндэсний төв, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн холбогдох албан тушаалтнууд хичээл зааж, илтгэл тавин, хэлэлцүүлэг өрнүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Энэхүү сургалтын хөтөлбөрт тусгасан дасгал, сургуулийг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн хими, цацрагийн ажиллагааны салбарын албан хаагчтай хамтран Тахилт дахь сургалт, дадлагын талбайд зохион байгуулсан нь ихээхэн ач холбогдолтой болсон төдийгүй цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах, ослын үед авах хариу арга хэмжээг төлөвлөх, салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, үүрэг оролцоог нь нэмэгдүүлэхэд чухал алхам боллоо гэж МХЕГ-аас мэдээллээ.