Томилгоо тойрсон долоо хоног

ТОЙМ
ariunbold@montsame.gov.mn
2019-05-12 16:01:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын ерөнхий аудитор, зарим байнгын хороодын дарга нарыг, Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг томилсон зэргээр өнгөрч буй долоо хоногт улс төрийн салбарт хэд хэдэн томилгоо хийв. Мөн Ерөнхий сайд Хэнтий аймагт томилолтоор ажилласан, АН-ын гишүүд С.Эрдэнийг огцрохыг шаардсан зэргээр улс төрд үйл явдал өрнөснийг тоймлон хүргэж байна.


Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилов



УИХ-ын чуулганы энэ сарын 9-ний ээлжит хуралдаанаар Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь Д.Занданбатыг томилов.

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий этгээдэд зээл олгосон гэх асуудалд нэр холбогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаа өгөхийг УИХ-ын дарга асан М.Энхболд өнгөрсөн намрын чуулганы үеэр шаардсан. Энэ дагуу ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар албан тушаалын бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ ноднин 11 дүгээр сарын 19-нд УИХ-д ирүүлсэн. Ингэснээр ноднин 11 дүгээр сарын 21-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлээд байсныг УИХ-ын дарга Г.Занданшатар дурдаад, "Өнгөрсөн хугацаанд Ерөнхий аудиторын бүрэн эрхэд хамаарах аудитын тайланг баталгаажуулах үүргийг хэрэгжүүлэхгүй, хууль зөрчих нөхцөл үүсээд байгаа тул төрийн аудитын байгууллагын ажлыг хэвийн явуулах зайлшгүй шаардлага бий болсон. Тиймээс Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилох саналаа танилцуулж байна" гэлээ. Мөн Д.Хүрэлбаатарыг АТГ-аас шалгаж байгааг бичгээр мэдэгдсэн тул үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлэх бус бүрмөсөн чөлөөлөхөөр саналдаа тусгаснаа мөн танилцуулав. Чуулганаар Д.Хүрэлбаатарыг Ерөнхий аудиторын албан тушаалаас чөлөөлөхийг гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн. Харин Д.Занданбатыг Ерөнхий аудитороор томилох санал хураахад гишүүдийн 83.3 хувь дэмжлээ.



Мөн чуулганы хуралдаанаар УИХ-ын зарим байнгын хороодын дарга нарыг томиллоо. Тодруулбал, Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг 89.8 хувийн саналаар, Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг 82 хувийн саналаар  улираан сонгов. Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг 81.6 хувиар, Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг 88 хувийн саналаар дэмжлээ.


Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Х.Батсүрэнг томиллоо



Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 9-нд зарлиг гаргаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Хөхийсүрэнгийн Батсүрэнг томиллоо.


Х.Батсүрэн үүрэгт ажлаа хүлээн авах үедээ, “Монгол Улсын шүүхийн замнал баялаг уламжлалтай, бахархам түүхтэй. ХХ зууны эхэнд Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийн төвлөрлийг сааруулсан улс  орон цөөн байсан бол харин ХХI зуунд төрийн эрх мэдлийг сааруулж, түүнийг Үндсэн хуулиараа баталгаажуулаагүй улс цөөхөн үлджээ. Энэхүү үзэгдэл нь төрийн эрх мэдлийн уг сурвалж нь хүний эрхээр тодорхойлогдох ёстой гэж үзэж, тайлбарлах хандлага түгээмэл болсонтой ч холбоотой юм. Бид шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бататган бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлсэн шүүн таслах ажиллагааг эрхлэх, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулахад шударга ёсны баталгаа болж,  манлайлан оролцох үүрэгтэй билээ” хэмээв.

Дашрамд дурдахад, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Цэвэгмидийн Зориг энэ оны гуравдугаар сарын 28-нд үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ гаргасан юм.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт тулгамдсан асуудлыг шийдэв



Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын зарим гишүүний хамтаар Хэнтий аймагт ажиллав.


Энэ үеэр тэрбээр, Хэнтий аймгийн Чингис хотод 2012 онд эхлэсэн 8.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Хөгжимт драмын театрын барилгыг энэ онд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. Мөн Чингис хот-Бэрх-Дадал чиглэлийн 265 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүлж, “Бэрх" дулааны станцыг яаралтай шинэчлэхийг үүрэгдэв. Түүнчлэн тус аймгийн Бэрх тосгоны дулааны станцыг шинэчлэх, холбогдох зураг төсөл, Техник, эдийн засгийн үндэслэлийг яаралтай боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгосон юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх долоо хоногт Говь-Алтай, Ховд аймагт ажиллана.


АН-ын дарга С.Эрдэнийг огцрохыг шаардлаа



АН-ын гишүүд, дэмжигчдээс бүрдсэн “Онц их хурал зохион байгуулах хороо”-ноос өнгөрсөн долоо хоногт АН-ын дарга С.Эрдэнийг огцрохыг шаардаж 15 үндэслэлийг нэрлэсэн.


Мөн АН-ын Онц их хурлыг энэ долоо хоногт зарлан хуралдуулахыг шаардлаа. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол ардчилал, шударга ёс, үнэт зүйл, үзэл санаа болон АН-ын ирээдүйн төлөө эрс шийдэмгий, хатуу тэмцэл өрнүүлэх болно хэмээсэн юм. Уг шаардлагад “C.Эрдэнэ, Д.Эрдэнэбат та нар МАН-ын “60 тэрбум”-ын бүлэглэлийг өмгөөлсөн улс төрийн байр суурь илэрхийлж, М.Энхболдыг хамгаалсан санал өгч, шүүх, прокурор, АТГ-ын авилгач удирдлагыг өмөөрсөн мэдэгдэл, үйлдлүүдээрээ “МАНАН-Мафи”-ийн хамсаатан болохоо удаа дараа нотоллоо”, “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах давуу эрхээсээ Монгол Улсын Засгийн газар татгалзаж, Худалдаа хөгжлийн банкны хамаарал бүхий компанид өгөхөд С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл энэхүү хууль бус, луйврын үйлдлээ зөвтгөн хамгаалсаар байна” зэрэг огцрох 15 үндэслэлийг дурдсан байлаа.

Холбоотой мэдээ