Оюутолгой

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-05-13 13:04:06

Аливаа зүйлийг тодорхой цаг хугацаанд нь хийж амьжуулахыг чухалчилдаг хүн олон байдаг. Ийм хүний нэг нь Батаа гуай байжээ. Тэрбээр олон байшин (мод, чулуу), гэрийн үүдний амбаар (таамбар) мөн ч  олныг барьж үлдээжээ.  Тухайн үед өвгөний барьсан бүгдийг өөлөгсөд байсан. Гэхдээ ахмад настай хүнийг дэргэд нь өөлөх хүн гараагүй биз. Түүнийг шүүмжлэгсдийн хувьд, байшин байтугай жодгор (жижиг майхан)-ын хэмжээний байшин босгосон хүн байхгүй гэж хэлж болно. Гэтэл тэр гуайн амьд сэрүүндээ барьж босгосон байшинд нь үр хүүхэд нь одоо амьдарч байна. Тэр гуай ямар ч ажлыг цаг хугацаанд нь хийж амьжуулаагүй хэнийг ч өөрийн хүний гэж ялгахгүй зэмлэнэ. "Та нар цаг их алдаж байна даа. Намайг ингэж хэлэхээр та нар тоохгүй. Гэхдээ орой (толгой) руу чинь орох өдөр ирнэ" гэж хэлдэгсэн. Энэ бол 1990 оноос өмнөх жирийн ажилсаг монгол хүний амьдралын хэв маяг. Харин төр засгийн өндөр  дээд шатны шийдвэрийг зөвхөн удирдагч (Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх) гаргадаг байсан юм билээ. Одоо удирдагчид (Ерөнхийлөгч) өргөн утгаараа  эцсийн шийдвэр гаргах боломж хязгаарлагдмал  болсон.


Засаглалын хэлбэрийг сольж, байнгын ажиллагаатай Улсын бага хурал (УБХ) байгуулагдсан (1990 он), улмаар Үндсэн хууль батлан (1992 он)  нэг танхимтай парламент (УИХ)-тай болсон. Түүнээс хойш аливаа асуудлаар эцсийн шийдвэрийг УИХ-аар хэлэлцэн гаргах болжээ. УИХ өнгөрсөн хугацаанд олон шийдвэр гаргасан байна. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулагч нарыг татах талаар чамлахааргүй олон шийдвэр гаргасан гэнэ. Түүний нэг нь Оюутолгойн гэрээ. Энэ гэрээ хэдэн Засгийн газар дамжин 2008 онд байгуулагджээ.


а




УИХ хоёр жилийн өмнө Оюутолгойд шалгалт хийх ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэгт орсон зарим гишүүн  гаргасан дүгнэлт дээрээ гарын үсэг зураагүй гэнэ. Гэтэл  шалгалтын дүнг хэлэлцээ (Эдийн засгийн байнгын хороо)-гүй,  байтал баримт материал, санал  дүгнэлт нь Оюутолгойн толгой компани “Рио Тинто”- гийнхны гар дээр очиж,  ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн тайлбар гаргаад тус байнгын хороонд ирүүлсэн гэнэ.  Энэ шалгалтын материалыг хэн тэдэнд өгөв гэдэг асуудлыг “эдийн засгийн байнгын хороо” өнгөрсөн долоо хоногт хэлэлцэв бололтой.  Гэхдээ шалгалтын материал хэн өгөв гэдэг нь хэлэлцэх асуудал биш, шаардлагатай бол хуулийн байгууллага шалгаж болох юм. Гэтэл гишүүд  бие бие рүүгээ чи өгсөн, би өгөөгүй. Тэднийд өгсөн шалгалтын материал нууцын зэрэглэлгүй байсан гээд нэг нэгийгээ богино хугацаанд чичлэв (богино зайны улс төр ) бололтой.  Энэ бол олуулаа хэлэлцэж (УИХ) шийдвэр гаргах явцад гардаг хэвийн үзэгдэл гэж хэлж болно.


Оюутолгойн тухайд, өнгөрсөн хугацаанд хэдэн гэрээний төсөл бэлтгэгдсэнийг хүн болгон  мэдэхгүй. Харин  ганцхан гэрээ байгуулсан. Гэрээ байгуулаад Рио- Тинтоо хөрөнгө оруулаад 10 жилийн нүүр үзлээ. Энэ хугацаанд тэр гэрээг гэгээн талаас нь бид ярьсангүй. Түүнийг зөвхөн өөлөх талаас авч хэлэлцсэн байх юм. Гэхдээ гол төлөв эзэн биегүй “золбин” яриа их газар авсан гэж хэлж болно. Тэр нь улс төрд орох гэсэн залуучууд, нэрд гарах гэсэн улстөрчдийн олз болоод өнгөрөв бололтой. Оюутолгойн гэрээний талаар байр сууриа илэрхийлэгсэд, шүүмжлэгсэд иргэдээс оноо авах үүднээс амныхаа зоргоор “чалчсан” даа. Тэр нь тухайн улс төрчийн рейтэнгийг өсгөж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн ч үнийн дүнгээрээ Монголын ард түмэнд дандаа хасах оноо авч ирсэн гэлтэй. УИХ-ын ажлын хэсгээс гадна хууль хяналтын байгууллагууд ч Оюутолгойг шалгаж байгаа юм билээ. Тэр шалгалт төгсгөлийнхөө шат руу орж байгаа гэсэн шүү. Сайн хэрэг.


Монгол Улсад “Оюу толгой” компани 8.7 тэрбум ам.долларын  хөрөнгө зарцуулжээ. Тус компани 2018 онд 322 сая ам.доллар татвар, хураамж, бусад хэлбэрээр оруулсан,439 сая ам.долларын худалдан авалт хийсэн гэнэ. Мөн  онд 17 мянган хүн тус уурхайд ажиллажээ. Тэдний 92.6 хувийг монголчууд, монголчуудын 20.4 хувь нь  Өмнөговь аймгийн харьяат иргэд  байсан гэнэ. Эдгээр  нь тус компанийн сайтад байгаа мэдээлэл. Тоо баримт юм.


Оюутолгойн талаар нийтлэлч Баабар “Монголын төсвийн гуравны нэгийг бүрдүүлж байгаа. Уг уурхайн хөрөнгийн биржийн үнэлгээ цагтаа бараг 30 ам. доллар хүрч байсан бол одоо нэг доллар тавин цент байна. Энэ юу гэсэн утгатайг энд хуралдан суугаа эдийн засагчид эрх биш ойлгох бизээ” гэж бичсэн байна.  УИХ шалгалтын дүнгээ хэлэлцэж эцэслэн шийдэхгүй бол Оюутолгойн талаар цэгцтэй ойлголт нийгэмд бүрдэхгүй бололтой. Ингээгүй тохиолдолд Оюутолгой 15 толгойтой атгаалжин хар мангас болон хувирна. “Мангас”-ыг дарж таарна. Ийм үйл явдал болбол гадаадын хөрөнгө оруулалт “0” болно гэж зарим шинжээчид хэлдэг. Гэхдээ ингэж хэлдэг шинжээч цөөхөн. Энэ бүхэнд цэг тавих газар уг нь УИХ.  Тэд тус компанид хоёр жилийн хугацаанд хийсэн шалгалтын дүнгээ хэлэлцээгүй байна. Гэвч тэрхүү шалгалтын материалыг тойрсон улс төр хийх явдал гаарлаа. Улстөрчдийн энэ үйлдэл хаана хүрэх, хэр зэрэг урт хугацаанд үргэлжлэх вэ гэдгийг харах үлдлээ.

Холбоотой мэдээ