Кино продюсер Д.Ангарагийг АНУ дахь Монгол Улсын Соёлын элчээр томилов

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2019-05-13 13:14:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Кино продюсер Даваасүрэн овогтой Ангарагийг АНУ дахь Монгол Улсын Соёлын элчээр томилов.


Элчин сайд Ё.Отгонбаяр Вашингтон хот дахь Дэлхийн банкны байранд өнгөрсөн сарын 23-нд болсон “Монголын өвийн өдрүүд” соёлын ажиллагааг нээх үеэр Д.Ангарагт “Монгол Улсын Соёлын элч”-ийн гэрчилгээг гардуулсан байна. АНУ-ын Кино зураглаачдын холбоонд ажилладаг Д.Ангараг нь 2000 оноос хойш Монголын кино урлагийн салбарт идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд “Чингисийн хүүхдүүд” кино бүтээлээрээ олны танил болсон.


Тэрбээр, Монгол Улсын соёл, урлагийг дэлхий дахинд сурталчлан таниулах, хоёр орны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, АНУ-д Монголын кино өдөрлөг, сургалт, семинар зохион байгуулах, уран сайхны кино, үзэсгэлэн нээх зэрэг ажил өрнүүлэхээр төлөвлөөд байна.

Холбоотой мэдээ