Эдийн засгийн төслийн үр шимийг 4000 өрх хүртэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-05-13 23:28:26

Завхан /МОНЦАМЭ/. Завханы 12 суманд Европын холбооны 803 мянган еврогийн санхүүжилттэй төслийг Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага хэрэгжүүлж эхлээд хоёр дахь жилдээ болж байна. Энэхүү төслийн үр дүнд өнөөдрийн байдлаар 5600 гаруй иргэн 15 удаагийн сургалтад хамрагджээ. 

Энэхүү төсөл нь 2018-2021 он хүртэл хэрэгжих бөгөөд Завханы 12 сумын 20 иргэний нийгмийн байгууллага, 100 төрийн байгууллагын ажилтан, 60 үйлдвэрлэгч бүлэг хамрагдаж орон нутгийн 50 бизнес эрхлэгч 150 ядуу өрх эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүртэх ажээ. Мөн төслийн шууд үр дүнг нийт 20 мянган хүн ам буюу 4000 өрх хүртэх юм байна. Төслөөр эхний жилдээ Завханы ИНБ-уудыг чадавхжуулах үйл ажиллагаа явуулах ба хоёр дахь жилд ИНБ болон төрийн албан хаагчдыг сургах, чадваржуулах бол гурав дахь жилд төслийн хүрээнд чадавхжсан орон нутгийн ТББ-уудын жижиг дэд төслийг дэмжин хэрэгжүүлэлт, хяналтыг орон нутгийн иргэд хийж Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага дэмжиж хамтран ажиллах юм байна.

Энэхүү томоохон санхүүжилт хөрөнгө оруулалт бүхий төслөөс Завхан аймагт хүртээмжтэй, тэгш, тогтвортой эдийн засгийн хөгжлийг дэмжихэд иргэний нийгмийн байгууллага болон төрийн хамтын ажиллагаа нэмэгдсэн байна. Мөн ИНБ-ууд болон орон нутгийн засаг захиргааны стратеги түншлэлийн үр дүнд өрхийн орлого төрөлжиж орон нутгийн эдийн засаг сайжирна гэсэн үр дүн хүлээж байгаа талаар төсөл хэрэгжүүлэгчид мэдээлэв.

Холбоотой мэдээ