М.Дуламжав: Иргэний нийгмийн байгууллага бол иргэдийн эрх ашгийн төлөөх байгууллага юм

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-05-14 18:50:27

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн иргэний нийгмийн байгууллагууд "Завхан аймгийн эдийн засгийн хөгжил, өсөлтөд Иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь" төсөлтэй хамтран ажиллаж байгаа билээ. Тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа 40 гаруй төрийн бус байгууллага тус төсөлтэй хамтран ажиллах санал тавьж хоёр дахь жилдээ хамтран ажиллаж буй юм. Тиймээс иргэний нийгмийн байгууллагууд ямар үүрэгтэй ажилладаг талаарх тодруулгыг Завхан аймгийн “Өрнөх хөгжил” ТББ-ын гүйцэтгэх захирал М.Дуламжаваас дахин тодруулж ярилцлаа.


-Сайн байна уу? Танд өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр бид иргэний нийгэм гэж юу болох талаарх ойлголт мэдлэг дутуу байдаг. Иргэд иргэний нийгэм гэхээр иргэний нийгмийн байгууллагаар л төсөөлж ойлгодог юм шиг. Тэгэхээр та энэ талаарх дэлгэрэнгүй ойлголтыг манай уншигчдад өгөхгүй юу?
-Тэгэлгүй яахав. Юуны өмнө иргэний нийгэм гэдэг ойлголтыг өгөх нь зүйтэй байх. Тэгэхээр Иргэний нийгэм гэдэг нь хувь хүнд төрийн оролцоогүйгээр амьдрах боломж олгодог маш энгийнээр хэлбэл иргэд төрийг хянаж, төрд хариуцлага хүлээлгэж чаддаг тийм л хүмүүсийн нэгдлийг хэлдэг байна. Нөгөө талаар иргэний нийгэм бол иргэд ТӨР байхыг биш харин ИРГЭН байхыг хүсдэг тийм нийгэм юм. Монгол Улс 1992 онд баталсан Үндсэн хуулиараа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон. Тэгвэл хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг сонгоод 28 жилтэй золгож байгаа  нийгэм маань хүмүүнлэг байна уу? Иргэнлэг байна уу? Ийм ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлж чадаж байна уу? гэвэл нэгэн дуугаар үгүй гэх байхаа.


-Тэгвэл өнөөдөр манай нийгэм иргэний байж чадахгүй байгаа гэсэн үг үү? Дэлгэрэнгүй тайлбарлавал?
-Иргэний нийгэм гэдэг нь цөөн тооны ТББ, төртэй хамтарч ажилладаг байгууллагуудыг хэлдэггүй. Иргэний нийгэм хэзээ төлөвшдөг вэ? гэвэл иргэний нийгмийн түвшинд төрөөс тусдаа иргэний нийгмийн бүтэц бүрэлдэж эрх мэдэл, бодлого боловсруулах үйл явцад нөлөөлөх чадвартай болохыг хэлдэг. Манайд иргэний нийгэм төлөвшөөгүй байгаа учраас иргэд ИРГЭН биш ТӨР байхыг хүсч олон хүн төрийн алба руу улайран тэмүүлж байгаа нь тэд төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах гэж ингэж яарч байна уу? гэвэл бас л үгүй юм. Далай лам хэлсэн байдаг шүү дээ. -“Өнөө цагт бид улам том байшинтай хэрнээ жижиг гэр бүлтэй, илүү тав тухтай боловч амрах цаг зав багатай, олон эрдмийн зэрэг цолтой боловч наад захын мэдлэггүй, өргөн мэдлэгтэй боловч бага бодолтой, олон экспертүүдтэй боловч олон асуудлуудтай, илүү анагаах ухаанжиж байгаа боловч илүү их өвчин зовлонтой болжээ” гэж. Энэ нь иргэний нийгэм төлөвшөөгүйн тод жишээ болоод байх шиг.
Мөн их бичдэг хэрнээ бага судалдаг, их төлөвлөх хэрнээ түүнийгээ биелүүлдэггүй, яарч адгаж чаддаг хэрнээ хүлээж чаддаггүй, орлого нэмэгдэхийн хэрээр ёс суртахууны дутагдалд орж, мэдээллийг хадгалах, олон хувь тараах тусам хүн хоорондын харилцаа багасч, чанарт биш тоо хэмжээнд анхаарах нь ихэсч өөрийгөө хүрээлэх эд хогшлоо нэмэгдүүлэх хэрнээ үнэт зүйлсээ бууруулж, их ярьж, бага хайрлаж, худал хэлэх нь олширч, их үрж, бага бүтээж, худалдан авах зүйлс олширсон ч, түүнээсээ авах ханамж багасч байна. Чухам ийм учраас “Ямар нэгэн чухал хэрэгцээ гарахаар нь хэрэглэнэ гэж битгий хадгалаарай” таны амьдралын өдөр бүхэн чинь чухал юм шүү. “Мэдлэгийг эрж хай, их унш, гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт байх цагийг өөрөөсөө бүү харамла. Дуртай хоолоо ид, очихыг хүсдэг газраа оч. Амьдрал гэдэг бол аз жаргалтай мөчүүдийн хэлхээс болохоос амьд явах гэсэн тэмцэл биш юм” гэж сургасан байдаг. Энэ бол иргэний нийгмийн сайн санамж дадал.


-Иргэний нийгэм юугаараа ялгарах ёстой юм бол? Таны хэлсэн дээрх жишээгээр үү?
-Төр засагладаг, мөнгөтэй, эрх мэдэлтэй, хуулиар далайлгадаг бол. Иргэний нийгэм мөнгөгүй, эрх мэдэлгүй үнэт зүйлээрээ ялгардаг.


-Тэгвэл манай иргэд хэзээ эрх үүргээ мэдэж, төрөө хянадаг, төр хариуцлага хүлээдэг болох бэ? Ийм болоход юу саад болж байна вэ? 
-Тиймээ манай иргэд хэзээ эрх үүргээ мэдэж, төрөө хянадаг, төр хариуцлага хүлээдэг болох вэ? Ийм болоход юу саад болж байна вэ? гэвэл иргэний боловсрол, идэвх оролцоо чухал байна.
Иргэдийн боловсрол нимгэн, мэдээллийн эх үүсвэр ашиглах боломж хомс, чадавх жигд биш, идэвхгүй, оролцоо сул байдал зэрэг хувь хүнээс өөрөөс нь зонхилон хамаарч иргэний нийгэм жинхэнэ утгаараа хөгжихгүй бүрэлдэхгүй байгаа. Өнөөдөр иргэд болж байгаа үйл явцын талаар үнэн бодит мэдээлэл авах бололцоо нөхцөл хязгаарлагдмал, улстөрийн хүсэл зориг бүрэлдээгүй, хууль эрхийн орчин бүрхэг, иргэд өөрт байгаа боломжийг муу ашигладаг, нөгөө талаас иргэд идэвхтэй оролцогч болон төлөвшихөд олж авч байгаа мэдээлэл хангалтгүй, түүнийг хүргэж байгаа мэдээллийн сүлжээ нэг талыг барьдагтай холбоотой байгаа юм.


-Тэгвэл иргэний нийгмийг төлөвшүүлэхэд юуг хамгийн түрүүн хийх ёстой вэ? 
-Монголд иргэний нийгэм төлөвших эсэх нь иргэд бодлого боловсруулах үйл явцад идэвхтэй оролцогч болж чадахаас ихээхэн хамаарна. Иргэдийн идэвхтэй оролцоог хангаснаар бодлого боловсруулах үйл явц сайжирна. Бас бодлогын хэрэгжилт сайжирна, бодлогын тогтвортой байдал бий болно. Бодлого хэдий чинээ сайн байх тусам бид төдий чинээ хурдан хөгжинө. 
Иргэний нийгэм бүрэлдэнэ. Өнөөдөр төр иргэдийнхээ эрх чөлөөг хамгаалах нэрээр эрх болон засаглалаа хэтрүүлж, шударга ёсыг алдагдуулдаг. Үнэн хэрэгтээ төр өөрөө хуулийг хамгийн их зөрчдөг, тэр хэрээрээ хариуцлага хүлээдэггүйг өнгөрсөн 27 жилийн түүх харууллаа. Тийм ч учраас төрийн хяналтыг сайжруулах биш, иргэний хяналтыг төрд тогтоох хэрэгтэй байна.
Мөн иргэд төрийг хянаж чаддаг болсон цагт л төр бэхжиж, тогтвортой байдал хангагдана. Иргэд төрийг шүтдэг бус харин сэрддэг байх ёстой, иргэд төрөөс айдаг бус харин итгэдэг байх ёстой, иргэд төрийг дээдэлдэг бус харин хүлээн зөвшөөрдөг байх ёстой. Энэ бол иргэний нийгмийн бас нэг үнэт зүйл бодлого төлөвшил, хөгжил юм.


-Тэгвэл төр иргэдтэй яаж, ямар бодлогоор харьцах ёстой юм бол?
-Өнөөдөр манай төр иргэдээ хэтэрхий их халамжилдаг болсон. Үүнээс болж иргэд төр халамжлах ёстой гэсэн ойлголттой болоод байна. Зүгээр л халамжлуулаад суух хүсэлтэй иргэн олон болсон. Ингэснээр иргэд нийгмийн харилцаанд хөгжилд идэвхгүй оролцож хөгжихгүй болоод байгаа жишээ олон бий. Өнөөдөр төр нь иргэдийг халамжилдаг бус бие даасан байдлыг нь хангадаг байх ёстой. Төр иргэдийг хянадаг бус эрх чөлөөг нь хамгаалдаг байх ёстой. Төр иргэдэд зааж ухаантай дүр гаргадаг бус харин иргэдээсээ асуудаг, сонсдог байх ёстой юм. Өөрөөр хэлбэл иргэн, төр хоёрын хооронд түншийн харилцаа тогтсоноор “Сайн засаглал” бүрдэнэ. Сайн засаглалыг иргэдийн оролцоо, иргэний нийгэм л бий болгодог. Тэгэхээр иргэддээ  “Хүмүүнлэг иргэний зөв ардчилсан нийгмийн төлөө” хамтдаа зүтгэцгээе гэж уриалмаар байна.          

Холбоотой мэдээ