Н.Жанцанноров уран бүтээлийн чуулбар тоглолтоо хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-26 14:51:38

Төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч Н. Жанцанноров шинээр бүтээсэн "Дорнодын цэнхэр аялгуу", "Оюу эрдэнийн говь" цомгоос түүвэрлэн "Говь, Тал" чуулбар тоглолтоо энэ сарын 28-нд толилуулна.

Хөгжмийн зохиолч 2010 оны долдугаар сард УИХ-ын гишүүн Д.Одбаярын хамт Дорнод нутгаар 7 хоног аялж, алдарт Мэнэн, Тамсаг, Бадам-Ишийн тал, Буйр нуур, Халх гол, Нөмрөг гэх мэт үзэсгэлэн төгөлдөр нутаг, алдарт хуурч Г.Жамъянгийн төрсөн газар, "Хэрлэн барс", хөгжмийн зохиолч Г.Бирваагийн дайны бүрээ үлээж байсан түүхт газруудаар явж байхдаа туурвисан уран бүтээлүүд нь "Дорнодын цэнхэр аялгуу" цомогт багтжээ.

Харин "Оюу эрдэнийн говь" чуулбар нь Их өглөө, Хулангийн тоос, Зэрэглээ, Угалз, Сэтгэлийн гүнээс, Ханбогдын эгшиглэн, Эрин цаг хэмээх долоон ангиас бүрдэнэ. Чихнээ яруу эгшиглэх энэхүү чуулбарыг сонсоход үзэсгэлэн төгөлдөр, тэнүүн говиор аялахын сацуу тэнд өрнөж буй эрин зууны бүтээн байгуулалтын анир чимээг мэдрэх юм.

Тус тоглолтод П.И.Чайковксийн нэрэмжит олон улсын уралдааны Гранпри шагналт, МУГЖ Г.Ариунбаатар, СТА Ө.Төрмандах, Морин хуурын чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч СТА  Д.Түвшинсайхан, Д.Отгонжаргал, морин хуурч Р.Амарбаяр, Х.Батзаяа болон Улсын Филармонийн Симфони Найрал Хөгжмийн Үлээвэр хөгжмийн хэсэг болон Виолончелийн чуулгын уран бүтээлчид оролцоно.

Ж.Болор

Холбоотой мэдээ