Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 онд болно

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-05-14 15:42:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн тооллогын комиссын хоёрдугаар хуралдаан боллоо.

Хуралдаанаар Хүн ам, орон сууцны тооллогын Улсын комиссын нарийн бичгийн дарга, ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал 2020 онд явуулах хүн ам, орон сууцны тооллогод бэлтгэж буй талаар мэдээлж танилцуулав.

Хүн ам, орон сууцны ирэх онд болох ээлжит тооллогыг анх удаа тооллогын мэдээлэл цуглуулах хосолмол аргаар буюу нийт хүн амын 10 хувийн мэдээллийг цаасан дээр бэлтгэсэн уламжлалт аргын асуулгаар айл өрхөөр орж мэдээлэл цуглуулж авна. Үлдсэн 90 хувийн мэдээллийг төрийн байгууллагын мэдээллийн сангийн хооронд мэдээлэл солилцох уялдуулсан байдлаар буюу бүртгэлд суурилсан мэдээлэл боловсруулах аргаар явуулах юм.


Хуралдаанаар Нийслэлийн тооллогын комиссын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн тооллогын комиссын гишүүд, дүүргийн тооллогын комиссын дарга нарт хандан “Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллого”-ын бэлтгэлийг эрчимжүүлж, үнэн бодит байдалд мэдээлэл цуглуулан талаар онцгой анхаарч, шат шатандаа хариуцлагатай ажиллахыг анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ