Завханы хүүхдүүдийн 80 хувь нь монгол бичгийн уран бичлэгтэн болно

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-05-14 17:50:17

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт Монгол бичгийн уран бичлэгийн “Миний монгол-2025” төслийг хэрэгжүүлж 80 багш, 200 сурагч хөтөлбөрт хамрагджээ.

Тус хөтөлбөрийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав санаачлан 2019-2021 он хүртэл аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ЗДТГ, аймгийн БСУГ-тай хамтран хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийг Монгол хэлний тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичиг, үсэгтэй холбоотой гаргасан зарлигуудыг хэрэгжүүлэх, хүүхэд, залуусыг уран бичлэгтэй болгох, уран бичлэгийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, үндэсний монгол бичгээрээ бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа аж. Хөтөлбөрийг Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид, мэргэжлийн болон ахмад багш нар, иргэд, сонирхогчдод зориулан хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн дагуу монгол хэл, бичгийн мэргэжлийн 80 багш, 200 сурагч хүүхдийг уран бичлэгтэй болгож бэлтгэх, ӨМӨЗО-ы Ордос хотын Отог өмнөд хошуудаас багш нарыг урьж ажиллуулах, монгол багш нарыг аялангаа суралцаж, өөрийгөө хөгжүүлэх сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах юм байна. Төслийн үр дүнд Завхан аймгийн хүүхэд, залуусын 80 хувь нь монгол бичгийн уран бичлэгтэй болно гэж үзэж буйгаа зохион байгуулагчид мэдээлэв.

 

Амжилттай суралцсан багш, сурагчид Өвөрмонголд танилцах аялалд оролцоно

Монгол бичгийн уран бичлэгийн “Миний монгол-2025” төслийн эхний шат болох Улиастай, Тосонцэнгэл сум дахь сургалт өнгөрсөн гуравдугаар сараас эхэлж дууссан байна. Улиастай сумын бүсийн сургалтыг ерөнхий боловсролын III сургууль, Политехник коллеж дээр 14 хоног явуулжээ. Тус сургалтад Алдархаан, Ургамал, Завханмандал,Дөрвөлжин,Эрдэнэхайрхан,Цагаанхайрхан,Сантмаргаз, Цагаанчулуут, Шилүүстэй, Отгон Улиастай зэрэг 11 сумын ерөнхий боловсролын сургуулийн 100 сурагч, 35 багш амжилттай хамрагдаж төгсжээ. Харин Тосонцэнгэл сумын сургалтад Завханы хойд болон зүүн бүсийн 13 сумын 100 сурагч, мэргэжлийн 32 багш оролцож нийт 270 гаруй хүн бийрийн бичлэгийн сургалтад хамрагдан амжилттай суралцаж байна. Тосонцэнгэл сумын сургалт одоогоор дуусаагүй байна. Сургалтад оролцож буй багш, хүүхдүүдэд хөтөлбөрийн зүгээс бийрийн бичлэгийн бүх сургалтын хэрэглэгдэхүүнийг хангаж өгчээ.

Мөн Улиастай сум дахь сургалтад амжилттай хамрагдсан багш, хүүхдүүд сертификат гардан авсан байна. Хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэгч, сургагч багшаар Өвөрмонголын Ордос хошууны харьяат “Хатан ухаан” ХХК захирал, Отог өмнөд хошууны монгол дунд сургуулийн удаан жилийн захирал, Отог өмнөд хошууны засаг дарга, Монгол үндэсний бичиг, Монголын уран бичлэгийн төсөл хэрэгжүүлэгч, соёл,  боловсролын салбарт хөрөнгө оруулагч Палгарын Вандинбуу ажиллаж байна.

Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, ӨМӨЗО-ы Отог өмнөд хошууны Ажил мэргэжлийн сургуулийн багш, АБТА, “Хатан ухаан” ХХК Монгол дахь төлөөлөгч, Монгол уран бичлэгийн төслийн гүйцэтгэх захирал, Өлзийдэлгэрийн Одгэрэл, Монгол хэлэн зүйлийн эрдэмтэн, багш,  доктор, Өвөрмонголын нэрт уран бичигтэн, Өвөрмонголын уран бичлэгийн нийгэмлэгийн хүндэт гишүүн, Монгол уран бичлэгийн төслийн багш Ийшийн Сувади нар “Миний монгол-2025” төслийн сургагч багшаар ажиллаж байна.

Тус хөтөлбөрийн хоёрдугаар шат ирэх намар эхэлнэ. Энэ хавар хөтөлбөрийн эхний шатанд амжилттай суралцаж төгссөн баг, суралцагчид Өвөрмонголд туршлага судлах аялалд оролцох юм хэмээн аймгийн БСУГ-аас тус тус мэдээлэв. 

Холбоотой мэдээ