Нийслэлийн 28 дугаар сургуулийн барилгыг шинэчлэх санал тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-05-15 12:27:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар нийслэлийн 28 дугаар сургуультай өнөөдөр танилцлаа.


Сургуулийн захирал Ц.Манахүү болон багш, менежерүүдийн нь танилцуулснаар, тус сургуулийн хичээлийн нэгдүгээр байр дүүрэгтээ хамгийн хуучин буюу 60 шахам жил болсон аж. Жил бүр засвар хийдэг ч цахилгаан, сангийн асуудал нь бэрхшээлтэй хэвээр үлддэг байна. Тиймээс барилгын томоохон хэмжээний их засвар, цаашлаад 960 хүүхдийн хүчин чадалтай шинэ байртай болох шаардлагатай байгааг хэллээ.

Сургуулийн хашааны баруун, зүүн талд автомашины шороон замтай тул осол гэмтлээс байнга сэргийлэх сурагч, эцэг, эхчүүд, “School Police”-ийн эргүүлээс шаарддаг байна. Сайд нар тус сургуулийн хэд хэдэн ангиар орж, хичээл сургалтын явцтай танилцлаа. Багш С.Дэмбэрэлмаа 12 дугаар ангид англи хэл, багш Г.Хишигсайхан 10а ангид биологи, багш Х.Тунгалаг 10д ангид физикийн хичээл зааж байв. Сурагчдын 40-50 хувь нь сурах бичигтэй байна. Сурах бичгийн хувьд бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын сурах бичгийн 40 хүртэл хувийг төрөөс үнэ төлбөргүй хангаж, үлдсэн 60 хувийг өөрсдөө худалдан авахаар зохицуулсан байдаг. Бодит байдал дээр зах зээлд нийлүүлж буй сурах бичгийн 16.5 хувь л борлуулагддаг байна. Тиймээс хоёр сурагч тутмын нэг нь сурах бичгээр бүрэн хангагдаж чадахгүй байгаа юм. Салбарын яам цаашид сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг хэллээ.

Баянгол дүүргийн 11, 12, 23 дугаар хорооны хүүхдийг хамран сургадаг тус сургуулийн 71 бүлэгт 2600 гаруй сурагч суралцаж, 150 багш, ажилтантай боловсролын үйлчилгээг үзүүлж байна.


Холбоотой мэдээ