Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд 10.2 их наяд төгрөг зарцуулна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-05-15 18:24:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн хэлэлцэв.


Тогтоолын төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн 5 бүлэг, 20 зорилтын хүрээнд 118 бодлогын ажил өрнүүлэхээр тусгажээ. Үндсэн чиглэлд тусгасан ажлыг хэрэгжүүлэхэд 10 их наяд 216.3 тэрбум төгрөг шаардлагатай юм. Үүнээс 1 их наяд 325.5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс,  2 их наяд 111.9 тэрбум төгрөгийг гадаад эх үүсвэрээс, 6 их наяд 174.2 тэрбум төгрөг төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар, 604.7 тэрбумыг бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр төлөвлөн тусгажээ. Үндсэн чиглэлийг бүрэн хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 6 хувь байх бол  инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 5.6 хувиас бага байна гэсэн тооцоог Засгийн газар гаргажээ.


Танилцуулгын дараа УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Ундармаа, Д.Эрдэнэбат, Х.Баделхан, Б.Жавхлан, Д.Тэрбишдагва, Л.Болд, Я.Содбаатар, Ж.Ганбаатар нарын гишүүд ипотекийн зээлийн санхүүжилт, өрсөлдөх чадварын индекс, валютын ханшийг тогтвортой байлгах бодлогын талаар тодруулав.


Монгол Улс бизнес орчны индексээр 190 орноос 74 дүгээр байрт, хүний хөгжлийн индексээр 189 орноос 92 дугаар байрт, өрсөлдөх чадварын индексээр 137 орноос 101 дүгээр байрт орсон байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Монголбанк энэ оны эхний 5 сард нийт 775 сая ам.долларыг зах зээлд нийлүүлснээр валютын ханш харьцангуй тогтвортой байгааг мөн цохон тэмдэглэв.


Харин БХБ-ын сайд Х.Баделхан, “2019 онд ипотекийн зээлийг төсвөөс 116 тэрбум төгрөг, Монголбанкны эргэн төлөлтөөс 200 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгасан. 2020 оны Үндсэн чиглэлийн төсөлд 12 мянган өрхийг ипотекийн зээлд хамруулах зорилгоор 500 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн санал хүргүүлсэн ч ердөө 60 тэрбум төгрөг байхаар тусгасан” гэлээ.


Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, чуулганд танилцуулахаар тогтов. Мөн уг тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багийг УИХ-ын гишүүн Я.Содбаатараар ахлуулан байгууллаа.

Холбоотой мэдээ