Тариаланчид хөрсний үржил шимийг сайжруулахад хамтран ажиллана

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-05-15 20:48:48

Завхан /МОНЦАМЭ/. Завханы тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн болж хөдөө аж ахуйн техникийн хангамжийг сайжруулах, газар тариалангийн үйлдвэрлэлд зохистой дадлыг нэвтрүүлэх, үр, бордоо, ургамал хамгааллын бодисыг хөнгөлөлттэй үнээр захиалгын дагуу нийлүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр болжээ.

Энэ жилийн аймгийн тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ, ХХААГ, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Завханхангай орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулжээ. Зөвлөгөөнд 24 сумын хөдөө аж ахуйн тасгийн бэлчээр тэжээл, газар тариалан хариуцсан мэргэжилтнүүд, тариаланчдын төлөөлөл нийт 150 гаруй хүн оролцож өнгөрсөн жилийн ажлын тайлангаа хэлэлцэн, энэ жил газар тариалангийн салбарт ямар зорилго зорилтыг хэрэгжүүлэх талаар санал солилцож бодлого тодорхойлогчидтой хамтран ажиллахаа ярилцжээ.

Мөн үеэр аймгийн газар тариалангийн салбарын өнөөгийн байдал, цаашид тавих зорилтын тухай, газар тариалангийн үйлдвэрлэлд дулааны цаг агаарын төлөв байдлын талаарх мэдээллийг мэргэжлийн байгууллагууд өглөө. Түүнчлэн аймгийн газар тариалангийн салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, тариалан эрхлэгчдээс гаргасан санал, хүсэлтийг аймгийн түвшинд шийдвэрлэж ажиллахаар болжээ.

Тухайлбал энэ жил хөдөө аж ахуйн техникийн хангамжийг сайжруулах, газар тариалангийн үйлдвэрлэлд зохистой дадлыг нэвтрүүлэх, үр, бордоо, ургамал хамгааллын бодисыг хөнгөлөлттэй үнээр захиалгын дагуу нийлүүлэх ажлыг тогтвортой явуулах. тариалангийн талбайн хөрсийг агрохимийн шинжилгээнд хамруулж зөвлөмжийн дагуу бордоог хэрэглэж хөрсний үржил шимийг сайжруулах зорилтыг тариаланчид мэргэжлийн байгууллагууд хамтран хэрэгжүүлэхээр болжээ. 

Холбоотой мэдээ