С.Чинзориг: Цалин нэмэх бодлогыг 2020 оноос үргэлжлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-16 11:06:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжив.


Төрийн албаны тухай хуулиар, сум, дүүргийн Засаг дарга, түүний орлогч, мөн аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч, зэвсэгт хүчин, хилийн цэрэг ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албан тушаалаас бусад улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн албан тушаалын цалин, сүлжээг УИХ тогтоохоор заасныг тогтоолын төсөлд нийцүүлсэн байна.


Мөн төсөлд, УИХ дахь нам, эвслийн бүлгийн ажлын албанд ажилладаг албан тушаалтны сарын цалингийн хэмжээг УИХ-ын Тамгын газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын цалинтай, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалын цалингийн хэмжээг Сум, дүүргийн Засаг даргын албан тушаалын сарын цалинтай, Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч мэргэжилтэнг Цагдаагийн байгууллагын офицер ахлагчийн албан тушаалыг хамааруулж, адилтгасан албан тушаалын үндсэн цалинтай адил хэмжээгээр тогтоохоор төсөлд тусгасан байна. Энэхүү цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг баталснаар төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй гэж төсөл санаачлагчид үзжээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Тогтохсүрэн, тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа хэлэв. Тэрээр, улсын хэмжээнд 370 орчим Засаг даргын орлогч нар байгааг дурдаад, тэдгээрийн цалин 2014 онд нэмэгдээгүйг тэмдэглэв. Тиймээс тэдгээрийн цалинг 15 хувиар нөхөж нэмэх боломж байгааг тодруулав. ХНХ-ын сайд С.Чинзориг, Засаг даргын орлогч нарын орон тоог хасахаар тухайн үеийн Засгийн газар цалинг нь нэмээгүй гэдгийг дурдав. Тэрбээр,  "Хэлэлцэж буй асуудал улс төрийн албан тушаалтны цалингийн асуудалд хамаагүй. Засаг дарга нарын орлогчийн цалинг хэн тогтоох нь тодорхойгүй байна. Үүнийг шийдвэл 2020 он гэхэд Засаг даргын орлогч нарын цалинг нэмэх боломж бүрдэнэ" гэв.


УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, гүйцэтгэх алба хашдаг, тусгай чиг үүргийн байгууллагын алба хаагчдын цалинг нэмэх хэрэгтэйг онцлов. Тэрээр, сайжирч байгаа эдийн засгийг айл өрхийн хаалгаар оруулах хэрэгтэй гэдгийг тэмдэглээд, 2020 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхдээ, тусгай чиг үүргийн алба хаагч, сувилагч зэрэг үйлчилгээний ажилчдын цалин хэрхэн нэмэх бодлого баримталж байгааг тодруулав. ХНХ-ийн сайд С.Чинзориг, Засгийн газраас сайжирч буй эдийн засгийг иргэдэд тэгш хүртээх бодлого баримталж байгааг тодотгов. Тэрбээр, “Засгийн газар бүрэлдээд жил гаруйн хугацаанд хоёр удаа цалин нэмсэн. Ингэхдээ төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж, ажлын нөхцөл, ур чадвараас хамаарч ялгамжтай нэмж зохицуулсан, энэ бодлогыг 2020 оноос үргэлжлүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, салбаруудын цалинг асар их ялгамжтай нэмж байгаа дээрх бодлого зөв эсэхийг тодруулав. ХНХ-ийн сайд С.Чинзориг, Төрийн албан хаагчдын цалин ойролцоо байх бодлого буруу гэдгийг хэллээ. Тэрээр, “Нэг ажлын байранд байгаа ажилчдын хариуцлага, нөхцөл, ур чадвараас хамаараад цалин нь ялгамжтай байх ёстой. Тухайлбал, нярайн эмч гэхэд л маш нарийн ур чадвар шаардагддаг. Тиймээс бусдаасаа илүү цалинтай байх ёстой” гэв.


Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63 хувь дээрх тогтоолын төслийг дэмжив. Ийнхүү тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ЭЗБХ-нд шилжүүлэв.

Холбоотой мэдээ