Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа ба илрүүлэх тандалт судалгааг хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр
болон Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх
үйл ажиллагааны хүрээнд Дундговь аймгийн “Оюуны гэгээ” нийгэмлэг аймгийн
ЗДТГ-ын ХЗХ-тэй гэрээ байгуулсны үндсэн дээр Орон нутагт авлигаас урьдчилан
сэргийлэх үйл ажиллагаа ба илрүүлэх тандалт судалгааг хийжээ.
Судалгаанд Дэрэн,
Говь-Угтаал, Өлзийт, Хулд, Дэлгэрхангай, Луус,Сайнцагаан сумыг түүвэрлэн авч 500 иргэнийг хамруулсан
аж.
Судалгааны дүнгээс харахад оролцогчдын
27,4 хувь нь орон нутагт авлига “бага” байна гэж үзсэн бол 22,4 хувь нь “дунд
зэрэг”, 9,2 хувь нь “маш их” хэмээн тодорхойлсон байна.
Авлигад хамгийн ихээр өртөж байгаа
байгууллага, салбараар эрүүл мэнд, цагдаа, ЗДТГ, шүүх, газрын алба, цэцэрлэг,
сургууль, прокурорыг хамгийн олон оролцогч нэрлэжээ.
Судалгаанд оролцогчдын 44,9 хувь нь
ажил албан тушаалд орохын тулд авлига өгдөг хэмээн үзэж байгаа бөгөөд 39 хувь
нь “бэлэн мөнгө” өгөх үйл ажиллагаа элбэг тархсан хэмээн тодорхойлсон байна.
Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон
хөрөнгө орлогын мэдүүлгийн ач холбогдол ба үр нөлөөний талаар 26 хувь нь “маш
их” гэсэн хариултыг өгсөн бол 43 хувь нь “дунд зэрэг” хэмээн үзсэн байна.
Харин АТГ-аас 2018 оны сүүлээр
гаргасан “Шударга байдлын үнэлгээний тайлан”-гаас харахад Дундговь аймаг 55,5
оноо авч, 21 аймаг, нийслэлийн ЗДТГ-аас сүүл мушгисан дүнтэй дүгнэгдсэн байдаг.
Тус аймгийн авсан оноог 2015, 2016
оны дүнтэй харьцуулахад харьцангуй буурсан үзүүлэлттэй байдаг ажээ.
Жил бүрийн 12 дугаар сард Авлигын
эсрэг Олон улсын өдөр тохиож, улс орон
даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Дундговь аймгийн хувьд 2018 оны энэ өдөр аймгийн
ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Засаг дарга О.Бат-Эрдэнэ нар “Авлигагүй нийгмийн
төлөө хамтдаа” уриалга гаргаж, энэ чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлуудыг
зохион байгуулж байгаа ажээ.