“Завхан хөгжлийн шийдэл-2019” эрдэм шинжилгээний бага хуралд 90 гаруй оюутнууд оролцжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-05-16 17:01:46

Завхан/МОНЦАМЭ/.“Завхан хөгжлийн шийдэл-2019” оюутны эрдэм шинжилгээ, онол дадлагын бага хурал Улаанбаатар хотод болж 70 гаруй оюутнууд оролцжээ. Завхан аймаг хүнийхээ хөгжилд чиглэсэн таван “Сайн” дэд хөтөлбөр боловсруулан баталж, амжилттай хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Сайн оюутан” хөтөлбөр юм.

Хөтөлбөрийнхөө хүрээнд хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай шилдэг боловсон хүчин, шинэ үеийн манлайлагчдыг бэлтгэн гаргах зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг Завханы оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг ажээ.

Энэ жилийн эрдэм шинжилгээний бага хуралд оюутнууд нийт 31 илтгэл ирүүлснээс хоёрдугаар шатанд шилдэг 10 илтгэлийг хэлэлцүүлсэн байна. Шинжлэх ухааны үндэслэл, сэдвийн боловсруулалт, шинэ санаа зэрэг хэд хэдэн шалгуур үзүүлэлтээр шилдгүүдийг тодруулсан байна. Ийнхүү тэргүүн байрыг МУИС-ийн оюутан Б.Баянжавзан “Сайн ноён хан аймгийн Далайчойнхор вангийн хошууны нэрт зураач, бурханч Л.Ламжавын бүтээлийн өвөөс олдсон эртний нэгэн гар бичмэл сударт хийсэн судалгаа” илтгэлээр, дэд байрыг Хууль сахиулахын их сургуулийн оюутан Б.Оюунжаргал “Завхан аймгийн өрсөлдөх давуу тал буюу хөгжлийн тулгуур салбар: Мод, модон эдлэл боловсруулах үйлдвэр” илтгэлээр, гуравдугаар байрыг СЭЗИС-ийн оюутан Ж.Баярсайхан, Б.Баяржаргал нар “Малын индексжүүлсэн даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх боломж, арга замууд /Завхан аймгийн жишээн дээр/” илтгэлээр тус тус шалгарчээ.

Харин МУИС-ийн оюутан Б.Ширэндэв “Бэгзийн Явуухулангийн уран бүтээл дэх хайрлахуй, бахархахуй, оршихуйн мөн чанарыг судлах нь” сэдвээр, МУБИС-ийн оюутан Г.Ариунаа “Орон нутгийн хөгжлийн сангийн жилийн гүйцэтгэлийн өнөөгийн байдал, иргэдийн оролцоо, цаашдын хандлага” сэдвээр судалгаа хийж тусгай байрт оржээ.

Нэмж дуулгахад, "Сайн оюутан" дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын нэрэмжит “Оюутны тэтгэлэг”-ийг тодорхой шалгуур үзүүлэлт хангасан Улаанбаатар хот болон Завхан аймагт суралцаж буй 25 оюутанд олгодог аж. Тиймээс энэ удаагийн эрдэм шинжилгээ, онол дадлагын бага хуралд илтгэлээ ирүүлсэн оюутнууд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад нэг алхам ойртсоныг аймгийн Засаг дарга эрдэм шинжилгээний хурлын үеэр дуулгав. Мөн ирэх жилийн хуралд илүү олон оюутан төрөлх нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах далайцтай бүтээлүүдээр оролцоно гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ