С.Баяр: Эдийн засгийг төрөлжүүлэх бүсийн санал солилцоо чухал байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-05-16 14:11:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд “Эдийн засгийг төрөлжүүлэх нь” сэдвээр олон улсын хурал өнөөдөр “Корпорайт” зочид буудалд эхэллээ.

Семинарт Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээн дэх бүс нутгийн хөтөлбөрт оролцогч Афганистан, Азербайжан, БНХАУ, Гүрж, Казахстан, Киргиз, Монгол, Пакистан, Тажикстан, Туркменистан, Узбекстан гэсэн гишүүн 11 улсын төлөөлөл оролцож байна.

Семинарыг Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээлэн (CAREC/КАРЕК) зохион байгуулж, нөгөө талаас НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн төрөлжсөн байгууллага болох ЮНИДО хамтран оролцож байна. Семинарын талаар Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээлэнгийн захирал С.Баяраас тодрууллаа.


-Бүс нутгийн хэмжээнд эдийн засгийг төрөлжүүлэх сэдэв яагаад чухлаар тавигдаж байна вэ?

-Даяаршиж буй дэлхий ертөнцөд эдийн засгийг төрөлжүүлэх нь дэлхийн олон улс оронд, ялангуяа Төв Ази болон Кавказын бүс нутагт тулгарч буй том сорилт болж байна. Түүн дотроо хүн ам цөөн, бага орлоготой улс орнуудад илүү тулгамдсан байдлаар илэрч байна. Өнөөдөр Төв Азийн орнуудын хөгжил тогтворгүй, эрсдэлтэй гэх мэтээр харилцан адилгүй, ихэнх нь өндөр хөгжилд хүрээгүйгээрээ нийтлэг. Жишээ нь, манайх шиг зөвхөн уул уурхай, эрдэс баялгийн салбараас хүчтэй хамаарч буй улс орнууд ч байна. Ийм улс орнуудад эдийн засгаа төрөлжүүлэх шаардлага илүү байна.


Эдийн засгаа төрөлжүүлэх нь эдийн засгийн бүтцээ өөрчлөх, нөөцийн салбарын хэмжээнд болон салбар хооронд оновчтой хуваарилах замаар хөдөлмөрийн бүтээмжээ дээшлүүлэхтэй зайлшгүй уялддаг юм билээ. Энэ талаар ярилцах нь чухал байгаа юм. За, тэгээд тухайн улсад ХАА, хүнд болон хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал байх ёстой гээд төрөлжүүлэх талаар хөндөөд ирэхээр бас улс бүрийн онцлог, нөхцөл байдал, хөгжлийн харилцан адилгүй үе шаттай байгаа учир эдийн засгийг нь юугаар төрөлжүүлэх гэдэг дээр нэгдсэн жор гардаггүй.

-Тэгэхээр ямар гарц байна. Юун дээр нэгдэж байна вэ?

-Тухайн улс орон өөрийнхөө өвөрмөц онцлогт тохируулаад юугаа хөгжүүлж ямар салбараа түлхүү барьж бусдаас давуу байх гэдэг дүр зураг гарч байгаа. Дээр хэлсэнчлэн, өнөөдөр дэлхий нийтийн хандлага ч ийм болж бид өөрийнхөө тогоонд чанагдахаа болиод, дэлхий нийтийн тогоонд бөөндөө чанагддаг болоод байгаа. Дэлхийн улс орнууд зам, дэд бүтцээс аваад эрчим хүчний нэгдсэн системд холбогдож эхэлж байгаа ийм нөхцөлд бүс нутгийн хэмжээнд эдийн засгаа хэрхэн төрөлжүүлж, хамтран ажиллах гэдэг талаар ярилцаж, гол нь санал солилцож байна.

Тодруулж хэлбэл, бүс нутгийн хэмжээнд ямар улсад юу хэрэгтэй байгааг нөгөө нь үйлдвэрлэж чадаж байвал эдийн засгийн хувьд өсөн дэвшинэ. Энд нэг жишээ хэлэхэд, сая манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Шинэ эдийн засгийн чуулган” дээр “...Саяхан л дэлхийн хамгийн том экспортлогч байсан улс өнөөдөр хамгийн том импортлогч улс боллоо” гэж хөрш БНХАУ-ын талаар хөндөн хэлсэн нь зүгээр нэг санаа биш юм. Төв Азийн бүс нутгийн улс орнууд тэр том зах зээл рүү гарч байна. Энд Монгол Улс хоцорч болохгүй, юу хийж чаддагаар төрөлжиж үзэх хэрэгтэй юм.

Жишээ нь, улс орнууд хувийн хэвшлээ дэмжиж, тэднийг хөгжихөд таатай орчинг бий болгох явдал чухал байна. Энэ талаар Төв Азийн орнуудад амжилттай хэрэгжсэн хөтөлбөрийн жишээнд тулгуурлан аж үйлдвэрийн болон хөрөнгө оруулалтын бодлогыг онцлох зарим салбарт дэвшүүлэн хэрэгжүүлж ажиллах зөвлөмжийг өнгөрсөн оны 11-р сард Туркменистаны Ашхабад хотноо болсон КАРЕК-ийн Сайд нарын 17-р бага хурлаас гишүүн орнууддаа танилцуулсан.



-Семинарт ямар төлөөлөгчид оролцож байна вэ?

-Төв Азийн бүс нутгийн улс орнуудаас эдийн засгийг төрөлжүүлэх бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд шууд гар бие оролцсон төр, засгийн томоохон төлөөлөл оролцож өөрсдийн туршлагаас ярилцаж байна. Учир нь, энд амжилтад хүрсэн нь ч байна, заримд нь бүтэлгүйдээд нурсан ч салбар байгаа учир улс орон бүр өөр өөрийн эдийн засгийнхаа талаар санал солилцож байна. Жишээ нь, НҮБ-ын худалдаа, хөгжлийн бага хурлаас Төв Азийн бүс нутгийн худалдааны бүтэц, газарзүйн хуваарилалтын талаар гаргасан тоо баримтаас харахад экспортыг төрөлжүүлэхэд Казахстан, Азербайжан, Тажикистан улсад ахиц гарч байгааг тэмдэглэсэн.

Семинар хоёр өдөр үргэлжлэх бөгөөд дараагийн өдөр нь олон улсын эдийн засгийн төрөлжилтийн талаар ажиллаж буй, нэг ёсондоо улс орнуудын жишээг судалсан олон улсын шинжээчид, онолын талаар мэдэх эрдэмтэн судлаач, эдийн засагчид илтгэл тавих юм. Энд Монгол Улсаас Стратеги судлалын хүрээлэнгийн захирал, доктор Б.Энхбайгаль өөрийн улс орны жишээн дээр манай улс эдийн засгаа төрөлжүүлэхэд юу хийж, ямар бодлого барьж буй талаар илтгэл тавина.

-Хоёр өдрийн дараа төлөөлөгчид юутай буцах вэ?

-Өөр өөрийн хөгжлийн онцлогт юу таарах, ямар бодлого хэрэгтэй, тэрийгээ яаж хэрэгжүүлэх гэдэгт хариутай явах байх гэдэг найдаж байна. Нэг ёсондоо хөгжлийнхөө багаж хэрэгслээ таниад, тэрэнтэйгээ буцна. Энэ бол мэдлэг, мэдээлэл олж авна гэсэн үг юм.

 

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ