Шинэ номуудаа бүтээж, 70 жилийн ойдоо бэлэг барилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-05-17 21:23:18
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Музей энэ жил тохиож буй 70 жилийн ойгоо угтаж, 70 бүтээлч ажил хийхээр төлөвлөн хэрэгжүүлж байгаа ба ойдоо зориулан гаргасан гурван номынхоо нээлтийг өнөөдөр хийж, олон түмэндээ өргөн барилаа. 

Тус хамт олон түүхт ойдоо зориулж 6 ном бүтээхээр төлөвлөсөн бөгөөд энэ удаа “Аймгийн музейн сан хөмрөгөөс” зурган танилцуулга, “Дундговь судлал-2018”, “Морин тэрэгтэй эрэлч” гурван номоо хэвлүүлэн гаргаж, ийнхүү нээлтээ хийжээ.

Аймгийн музейн сан хөмрөгийн анхны зурган цомгийг тус музейн 60 жилийн ойгоор гаргаж байснаас хойш энэ ном 4 дэх удаагаа хэвлэгдэж байгаа бөгөөд өмнөх цомгуудыг бодвол энэ цомог нь илүү их тайлбартай, аймгийн түүх соёлын үл хөдлөх дурсгал, музейн шилдэг үзмэрүүдийг багтаасан, аймгийн нүүр царай болох ном болсон хэмээн Музейн захирал М.Бямбажав нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.

“Дундговь судлал-2018” номыг анх удаа хэвлэж байгаа бөгөөд Дундговь аймгийг судалдаг 13 эрдэмтэн, судлаачдын илтгэлийг нэгтгэн хэвлэн гаргажээ. Тус бүтээлийг цувралаар гаргах ажээ.

“Морь тэрэгтэй эрэлч” ном нь Дундговь аймгийн музейн эрхлэгчээр 20 гаруй жил ажиллаж, аймгийн музейн хөгжилд түүхэн гавъяа байгуулсан Ж.Сугир агсны тухай Зава Дамдин судлаач, идэвхтэн гишүүн зохиолч, сэтгүүлч Х.Шонхорын туурвисан бүтээл ажээ.

Тэрээр музейн эрхлэгчээр анх томилогдон ирэхдээ хуучнаар тус аймгийн Соёлын ордны нэг өнцөгт цөөхөн үзмэртэй байсан байгууллагыг хүлээн авч, шинэ байртай болгож, өөрөө геологич мэргэжлээр суралцан эчнээгээр төгсч, морин тэргээр аймгийнхаа болон Монгол орныхоо нутгаар хаа сайгүй явж, аймгийнхаа музейг 1120 үзмэртэй болгож чадсан түүхэн хүн ажээ.

Тэр үед морин тэрэг ховор байсан учраас Ж.Сугир агсныг хөдөөгүүр морь тэрэгтэйгээ явахад малчид, хөдөөгийн хүн ам ихэд гайхаж, зарим нь айж цочдог байсан тухай зохиолч Х.Шонхор хуучилж, энэхүү номыг бичих болсон шалтгаан, номынхоо тухай дэлгэрэнгүй танилцуулсан юм. 

Холбоотой мэдээ