Их аварга Какүрюү М.Ананд тэргүүтэй 3 сумоч башёг тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-05-20 17:20:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн ес дэх өдрийн барилдааны дээд буюу Макүүчи зиндааг тэргүүлэгч Их аварга Какүрюү М.Ананд Окиноүмиг ёрикири мэхээр давснаар 8 даваа нэг унаатай боллоо.


Маргааш Абитай учраа таарсан байна. Энэ өдөр Сэкиваке Точиношингийн өрсөлдөгч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй учраас 8 даваатай болж Их аваргатай унаа, даваа зэргэцсээр байна. Мөн Маэгашира Асанояама 7 даваа, нэг унаатай тэргүүлэгчдийн эгнээнд явж байна.


Озэки Такаясү /6-3/, Мёогирюүг давсан бол Озэки Гойэдо /6-3/, Абиг унагаж даваагаа ахиулж чадав. Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр Дайейшогоор 5 дахь даваагаа авсан бол Маэгаширагийн 16-д эрэмбэтэй Дайшохо Ч.Шижирбаяр/6-3/, Шиманоүмиг давж даваагаа ахиулав. Харин Чиёошома Г.Мөнхсайхан Саданоүмид уналаа.


Жюүрёо зиндааны бөхчүүдээс Кирибаяма Б.Лхагвасүрэн /6-3/, Араваши Э.Дөлгөөн /3-6/ нар өрсөлдөгчдөө давлаа. Харин Сэйро А.Өнөболд /3-6/, Миторюү Б.Төрболд /3-6/, Азамарюү С.Тодбилэг /4-5/, Кёкүшюүхо Эрдэнэбаатар /5-4/ нар өнөөдөр өрсөлдөгчдөө дийлсэнгүй.

Холбоотой мэдээ