Н.Цэрэнбат: Аялал жуулчлалын салбарт ажиллаж буй хүмүүст зөвхөн чадвар хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2019-05-20 17:59:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан БОАЖЯ-наас 15 мянган хүнийг аялал жуулчлалын үйлчилгээний соёлд үнэгүй сургахаар болж байна.

Тодруулбал, гадаад дотоодын аялагч жуулчдыг угтах авахаас эхлээд зочилж үйлчлэх зэргээр есөн мэргэжлээр дээрх тооны хүмүүсийг бэлтгэх аж. Иргэдийг ажлын байртай болгож, аялал жуулчлалын үйлчилгээг сайжруулах зорилготой дээрх сургалт сарын хугацаанд орон даяар нэг зэрэг явагдах юм. Сургалтын аяныг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр “Холидэй Инн” зочид буудалд нээсэн юм. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодруулав.

-Сургалт явуулах болсон шаардлага юунд байна вэ. Энэ нь аялал жуулчлалын салбарт ажиллах хүчин дутагдаж байгаатай холбоотой юу?

-Сургалт явуулахын тухайд Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхдээ дэд бүтэц, бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулж нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх талаар цогц бодлого хэрэгжүүлэхээр заасан. Үүний дагуу БОАЖЯ аялал жуулчлалын салбарт боловсон хүчин бэлтгэх ажлыг үйлчилгээний чанар, стандартыг сайжруулахтай холбож байгаа. Энэ хүрээнд нийслэл Улаанбаатар хот болон 21 аймагт аялал жуулчлалын есөн мэргэжлээр энэ салбарт ажиллах хүсэл сонирхолтой хүмүүсийг хамруулан үнэ төлбөргүй сургах ажлыг өнөөдөр улс орон даяар эхлэж байна.

Аймаг, орон нутагт ажиллах сургалтын баг бүрэлдэхүүн өнөөдөр арга зүйн сургалтад сууж мэдээллээ солилцон, орон даяар ажиллах бэлтгэлээ базаалаа. Бид зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалтын 10-12 хөтөлбөрийг боловсруулж зөөгч, бартендер, бариста, өрөөний болон гэрийн үйлчлэгч, тогооч, жолооч, ачаа зөөгч, хаалгач гэсэн 9 мэргэжлээр суралцуулна.

-Сургалтад ямар хүмүүс хамрагдах вэ. Тодорхой зүйл шаардаж байгаа юу?

-Юу ч шаардахгүй. Гол нь энэ салбарт ажиллах хүсэл, сонирхолтой байх ёстой. Нас ч харгалзахгүй. Яагаад гэвэл, аялал жуулчлалын салбарт ажиллаж буй хүмүүст зөвхөн чадвар хэрэгтэй. Аялал жуучлалын салбарын хөгжилд хүний нөөц боловсон хүчин мэргэжилтнүүд чухал байдаг. Өнөөдөр манай улсад шинээр бий болж буй 10 ажлын байрны нэг нь аялал жуулчлалын салбарт оногддог.


Энэ салбарт 34 мянган хүн ажилладаг гэсэн статистик тооцоо бий. Тэгэхээр ажиллах хүч дутаж байна уу гэхээсээ илүү хүмүүс маань ажиллаж чадаж байна уу гэдэг дээр тогтож ярих учиртай. Манай улс 2020 онд сая жуулчин авах зорилготой. Тиймээс саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг, юуны өмнө бид хүнд үйлчилдэг больё. Байгаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сэтгэл ханамжтай байдлаар хүнд хүргэдэг больё. Энд нэгдсэн ойлголт, стандартыг бий болгож тогтооё гэж байгаа юм. Мөн ойлголтоо өөрчилье. Хүн бүр өөртөө үйлчилж байгаа юм шиг дотоод, гадаадын аялагч, жуулчдад үйлчилснээр бид үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж чадна гэдэгт итгэж байгаа. Өөрчлөлтийг өөртөө авчирснаар аялал жуулчлалын салбарт дэвшил гарна.



Сургалтыг аялал жуулчлалын салбар дахь ажлын байрны тодорхойлолтыг баталсны дараа эхэлж байна. Сургалтыг аймаг, орон нутаг дахь БОАЖЯ болон ХНХЯ-ны харьяа газрууд, салбаруудтай хамтран явуулах юм байна. Хөдөлмөр үйлчилгээний хэлтсүүдтэй хамтран Хөдөлмөрийн бирж дээр ажил хайж буй иргэдийг хамруулна гэв.

Сургалтад хамрагдсан иргэд мэргэшсэн чиглэлийн дагуу сертификаттай төгсөн аймаг, орон нутагт ажиллаж буй амралт, жуулчны бааз, тур оператор компаниудад ажиллах боломжтой болох юм. Сургалтад хамрагдсан иргэдийг салбарын хүний нөөцийн жагсаалтад бүртгэнэ гэдгийг БОАЖЯ-ны АЖБЗГ-ын дарга С.Баясгалан нэмж хэллээ.





Тодруулга: Манай улс 2018 онд 529 мянган жуулчин хүлээн авч, 569 сая ам.долларын орлого олжээ. Улсын хэмжээнд 270 тур оператор компани, 460 зочид буудал, 400 гаруй жуулчны бааз ажиллаж, 54 мянга орчим ажлын байр бий болгоод байна. 2020 онд манай улс нэг сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбарын орлогыг нэг тэрбум ам.долларт хүргэх зорилтыг Засгийн газраас дэвшүүлээд байгаа билээ.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ