Чех улсад амьдарч буй монголчуудын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-ын Гадаад хэргийн сайд Томаш Петржичекийн урилгаар тус улсад айлчилж байна.
Айлчлалын эхний өдөр буюу энэ сарын 20-нд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Чех Улсын Гадаад хэргийн сайд Томаш Петржичектэй албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Мөн тус улсад хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, 2020 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хамтран тэмдэглэх талаар ярилцлаа.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын бүтээн байгуулалт, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд Чех Улс ихээхэн хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлээд уламжлалт найрсаг харилцаа, ялангуяа бизнес эрхлэгчдийн харилцаа, холбоог бэхжүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах нөөц боломж байгааг онцлон тэмдэглэв. Чехийн Гадаад хэргийн сайд Томаш Петржичек хоёр улс газар зүйн байрлалын хувьд алс хол оршдог ч ардчилал, зах зээл, чөлөөт нийгмийг сонгон шилжилтийн үеийг хамт даван туулж, ардчиллын үнэт зүйлсийг хадгалж, хөгжүүлж чадсаныг онцлон, Монгол Улстай харилцах нь тус улсын гадаад харилцааны тэргүүлэх зорилтуудын нэг болохыг илэрхийлэв.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар айлчлалын үеэр “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”, “Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон боловсрол, соёлын салбарын суурь гэрээ, хэлэлцээр болох “Боловсрол, шинжлэх ухааны салбарт болон залуучуудын асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, спортын яам хоорондын хэлэлцээр”, “Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Чех Улсын Соёлын яам хоорондын тохиролцоо”-нд гарын үсэг зурав.
“Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар Чех Улсад хөдөлмөр эрхэлж байгаа 9000 монгол иргэний нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж байна.
Айлчлалын хүрээнд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 1348 онд байгуулсан төв Европын анхны их сургууль болох Прага хотын Карлын их сургуульд зочилж, монгол судлалын багш, оюутнуудтай уулзаж, санал солилцов. Мөн тэрбээр БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын дарга Ярослав Куберад бараалхаж, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсоны зэрэгцээ УИХ-ын дарга Г.Занданшатараас илгээж буй Монгол Улсад айлчлах урилгыг уламжиллаа.
Монгол Улсын Гадаад харилцааны сайдын БНЧУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.