Хувийн цэцэрлэгийн 50 хувь нь зориулалтын байргүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-05-21 14:18:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар төрийн болон төрийн бус өмчийн 274 цэцэрлэгт хяналт шалгалт хийжээ. Боловсрол, эрүүл ахуй, барилга техник, хүнсний чанар стандарт, байгаль орчин зэрэг чиглэлээр явуулсан тус шалгалтаар 2860 зөрчил илрүүлж, 44 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.


Тухайлбал, 32 цэцэрлэг сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангахгүй, цэцэрлэгийн 25 хувь нь мэргэжлийн эрхлэгчгүй, 53 хувь нь мэргэжлийн багшгүй, 23 хувь нь туслах багшийн гэрчилгээгүй, төрийн бус өмчийн 50 хувь нь цэцэрлэгийн зориулалтын байргүй, 84 хувь нь гадна тоглоомын талбай, биеийн тамирын талбайгүй, 33 хувь нь сургалтын техник хэрэглэгдэхүүн дутуу, 65 хувь нь хөгжим болон биеийн тамирын заалгүй зэрэг зөрчил илэрчээ.

Хяналт шалгалтаар илэрсэн 1799 зөрчлийн 614 буюу 34 хувь нь сургалтын орчинтой холбоотой байгаа нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургалт хэвийн явуулах шаардлага хангагдахгүй байгааг харуулжээ.


Эрүүл ахуй халдвар хамгааллын чиглэлээр 105 байгууллагыг шалгахад, төрийн өмчийн цэцэрлэгийн 15 хувь нь барилга байгууламж нь хуучирч, цэвэр, бохир усны шугам хоолой, цахилгаан, агааржуулалтын систем муудсан нь цэцэрлэгийн хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй аж.


Харин төрийн өмчийн цэцэрлэг стандартаас 1.2-2.5 дахин олон хүүхэд хүлээн авч байгаа нь халдвар хамгааллын дэглэм алдагдах, бага насны хүүхдийн дунд халдварт өвчин дамжих нөхцөл болж байна гэж үзжээ.

Шинээр барьж буй цэцэрлэгүүдийн газар сонголт, барилга байгууламжийн зураг төслийг урьдчилан хянахгүй байгаагаас зайлшгүй шаардлагатай өрөө тасалгаагүй /дуу хөгжим, биеийн тамирын заал, хүнсний агуулах, ажиллагсдын ахуй хангамжийн өрөө/, гаднаа эдэлбэр газаргүйгээр төлөвлөж байгаа нь сургалтад хүндрэлтэй нөхцөл байдалд хүргэжээ.


Хүүхдийн хоол, хүнсний чанар, аюулгүй байдлын талаар хийсэн шалгалтаар, гал тогооны 20 хувь нь механик агааржуулалтын систем муудсан, 35.6 хувийнх нь хүнсний агуулах эрүүл ахуйн стандартын шаардлага хангахгүй, 21 хувийнх нь хүнсний агуулах зориулалтын тавиургүй, 38.5 хувь нь эрүүл ахуйн зохистой дадлын сургалтад хамрагдаагүй зөрчил илэрчээ.

Холбоотой мэдээ