Хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн 36 иргэн эмнэлэгт хүргэгджээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-05-21 23:04:33

Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ сарын 14-ний оройн 21 цагт хоолны хордлогын шинж тэмдэгтэй 36 иргэн эмнэлгийн тусламж авсан бөгөөд одоогийн байдлаар 22 иргэн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна.  

Хэрлэн сумын хоёрдугаар багийн иргэн Э нь хүүхдийнхээ үсний найрыг хийж, уг цайллагынхаа баярт ойр дотны хамаатан садан төрөл төрөгсдөө урьсан байна. Тавдугаар сарын 12-ны билэгт сайн өдөр байсан бөгөөд тухайн өдрийн өглөө зочид дайлах салатыг хийжээ. Урьдчилсан байдлаар салатнаас хордлого авсан байхыг үгүйсгэхгүй. Халдварын голомтод нийтдээ 36 иргэн байсан ба тэд бүгдээрээ гүйлгэх, халуурах, бөөлжих, хэвлийн хэсгээр хүчтэй өвдсөн шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдэж ирсэн байна. Эдгээр өвчилсөн иргэд дотор хамгийн бага нь гурван настай, хамгийн ахмад нь 92 настай хүн хорджээ. Халдвартын тасгаас хордлого тайлах эмчилгээ, сувилгаа гээд бүхий л тусламж үйлчилгээг нэн даруй авсан байна. Анх ирэхдээ гурван хүн хүндэвтэр байсан бол одоо бүгд хэвийн айх аюулгүй болсон гэв.

Харин аймгийн Мэргэжлийн хяналтын газар 24 цагийн байнгын ажиллагаанд шилжин бүхий л шаардлагатай шинжилгээг авчээ. Одоогийн байдлаар МХГ болон халдвартын тасгийн хийсэн шинжилгээний хариу эцэслэгдэн гараагүй байгаа аж. Шинжилгээний хариу гарахаар юунаас хордсон нь эцэслэн тогтоогдох юм.

Иргэдэд анхааруулахад урин дулааны улиралд амархан мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын бус газарт удаан хугацаагаар хадгалах, худалдан авч байгаа хүнсний бараа бүтээгдэхүүний хадгалалт, шошго, хэрэглэх зааврыг сайтар судалж харахыг анхааруулж байна.

 Мөн урин дулааны энэ цагт гэдэсний халдвар, цусан суулга зэрэг өвчин ихэсдэг тул иргэд хоол хүнсэндээ болгоомжтой хандах, ундны усны халдвараас урьдчилан сэргийлэх, ус нөөцлөх савыг байнга угааж ариутгах шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд онцгойлон анхааруулж байна.

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ