Гүнийн венийн судасны тромбоз
ТОЙМ
Эмчилгээ авдаг
өвчнөөр хүн эрхтэн дутуу болох явдал гарсаар байна. Ийм өвчний нэг нь гүнийн
венийн судасны тромбоз (бөглөрөлт) юм билээ. Судасны
тромбоз нь хавагнах, хөл өвдөх, чинэрэх байдлаар илэрдэг. Зарим
тохиолдолд хаван үүсээд өөрөө буурах тохиолдол гардаг. Үүнийг жижиг судасны
бүлэгнэл гэж ойлгож болно. Үүссэн бүлэгнэл өөрөө уусах байдлаар хэвийн болох
явдал байдаг. Энэ бол хөлд хаван үүсэх
бүрт судасны тромбоз болохгүй гэдгийг харуулж байгаа нэг хэлбэр. Гэхдээ жижиг судасны хананд үүссэн бүлэгнэл бүрэн
алга болохгүй. Доод мөчний жижиг судасны хананд бүлэн үүсэх нь цааш өсөж
томроод тромбоз болох нөхцөлийг бүрдүүлдэг гэж ойлгох хэрэгтэй. Жижиг
судсанд өтгөрч бүлэгнэсэн хэсгүүд нь
нийлж урсан зүрхний баруун ховдол руу өгсөх замдаа уушгины судсанд очиж, тэнд
бүрэн тромбоз үүсгэх магадлалтай. Ийм нөхцөлд хүрэх нь үхлийн аюултай гэж
анагаахын шинжлэх ухаан үздэг байна. Тромбоз өвчтэй болсон хүмүүс эрсдэл ихтэй гэдгээ мартаж
болохгүй. Түүнийг нь ийм өвчтэй хүмүүст үргэлж сануулж байх хэрэгтэй болдог
гэнэ.
ХБНГУ-ын иргэн
Крамер, “Би аялагч хүн байгаа юм. Аялагчид урт богино янз бүрийн хугацаагаар онгоцоор
нисдэг л дээ. Нэгэн аяллын урт
хугацааны нислэг хийсний дараа анх
удаа баруун хөл хавдсан. Харин эмчийн
заавраар эм уугаад хаван түр зуур бууж зовиургүй болсон. Түүнээс хойш хэсэг
хугацаанд огт өвдөөгүй. Гэтэл тодорхой хугацааны дараа хөл дахин хавдсан. Хаван буух байлгүйдээ гэж
бодож байлаа. Ийм өвчтэй болсон гэж бодоогүй. Харин эрт үед нь эмчид үзүүлэн
тромбозтой болсон гэж мэдсэн. Улмаар эмчилгээнд орсон юм. Тэр эмчилгээ үр
дүнгээ өгсөн. Миний сэтгэл зүй түүнээс хойш тогтворжсон. Одоо тухлаг онгоцны
суудал захиалаад цааш нь аяллаа үргэлжлүүлнэ гэж бодож байна. Гэхдээ онгоцонд
суухдаа хөлийн өлмийн дасгал байнга хийнэ. Эмчилгээний оймс өмсөнө. Мөн хөлдөө
их ачаалал өгөхгүй. Ийм нөхцөлд тромбозоос айх зүйлгүй. Тэр өвчнөөс болж миний аялал зогсоогүй ээ” гэж ярьжээ.
Ноён Крамерт өвчин (тромбоз)-өө эрт үед нь
оншлуулан эрчимтэй эмчилгээ хийлгэсний
үр дүнд гарах аюулыг зайлуулж чадсан гэж
түүнийг эмчилсэн эмч доктор Томас Шверц
ярьсан байдаг. Тэрбээр цааш нь, “Герман улсад жилд ойролцоогоор 8 сая хүн энэ
өвчнөөр өвддөг гэсэн судалгаа байдаг. Энэ өвчин
хөдөлгөөний дутагдлаас болж үүсдэг. Ийм учраас хөлийн дасгал сайн хийх
хэрэгтэй. Хэрэв хурц хэлбэрийн тромбоз өвчтөн болбол эмчилгээнд орох шаардлагатай. Архаг тромбозийн
синдромын үед өвчний аюулыг зайлуулах хэрэгтэй болдог. Ийм арга хэмжээ авахын тулд,
эмчилгээний зориулалтай даралтат оймс өмсүүлдэг. Даралтат оймс судасны гадна
талаас шахалт үзүүлж, цусны урсгалыг сайжруулах, өвдөлт намдаах үйлчилгээ
үзүүлнэ. Зөвхөн урт хугацааны нислэг ч биш галт тэрэг, автобусаар зорчиход ийм
төрлийн өвчтэй хүмүүс урьдчилан сэргийлэн даралтат оймс хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Ийм арга хэмжээ авсан байхад,
цусны урсгал сайжирч өвчин намддаг сайн талтай” гэж онцолжээ..
Хэрэв тромбоз
үүссэн байна гэж оношилсон бол тэр дариуд цус шингэлэх эмчилгээ хийнэ. Тромбоз
өвчнийг богино хугацаанд илааршуулах гайхалтай эм бэлдмэл бий болсон
байна. Тэр эм бэлдмэл даралтат оймс,
боолт зэргийг хэрэглэж байж эмчилгээ үр
дүнгээ өгнө. Эдгээрийн үр дүнд бүлэгнэлтийг зайлуулж, уушгины эмболи (уушгины артерит
бөглөрөлт өгөх) болохоос
аврагдана. Тромбоз, эмболи
нь хүнийг үхэлд хүргэх олон шалтгааны
нэг мөн гэнэ. Гэхдээ үүнээс аврах эмчилгээний
арга боломж бий болсон юм байна. Нэг үгээр хэлбэл, эдгэрдэг өвчин болжээ.
Монгол орны хотжих үзэгдэл 1990 оноос эрчимжиж хүн бүр машинтай болсон. Түүний улмаас хотын замд түгжрэл үүсэж, машинтай иргэд олон цаг замын хөдөлгөөнд орж байгаа юм. Ингэж олон цагаар машинд суусан хүний хөдөлгөөн хязгаарлагдах болжээ. Энэ нь тромбоз өвчтэй хүний тоо нэмэгдэх нэг гол шалтгаан болсон байна. Ийм өвчнийг эмчлэх эмчилгээний талаар нэгдсэн ойлгол (бодлого)-т байхгүйгээс хэвтрийн дэглэм сахих, сар жилээр хөдөлгөөнийг нь хязгаарлаж байх жишээтэй. Мөн тромбозтой иргэн өвчнөөсөө салж эрүүл болохын оронд эрхтэнээсээ салж хөгжлийн бэрхшээлтэй ( хөлөө тайруулах) болох явдал ажиглагдах болсон аж. Эмчилгээ, түүний үр дүнгийн талаар дээр дурдсан билээ. Харин тромбоз өвчнөөр өвчлөгсөд сайн дураараа өөрийгөө эмчилдэг. Түүнээс үүдэн хугацаа алдаж өвчин архагшсан хойно эмч, эмнэлэгт ханддаг муу заршилтай гэнэ. Хөл хавдах өвчний анхны шинж тэмдэг илрэхэд хөлөө халуун усанд дүрэх, халуун шаварт орох гээд буруу эмчилдэг юм байх. Ийм өвчнөөр өвдсөн хүнийг цаг алдахгүй эмнэлэгт хандахыг эмч нар зөвлөж байна.
Клиник эмчилгээнээс гадна тромбоз өвчин (бүр төрлийн)-д сэтгэл зүйн эмчилгээ хэрэгтэй болдог ажээ. Сэтгэл зүйн эмчилгээний үр дүнд хүрэх энгийн аргын талаар 1960-70-аад онд Анагаах ухааны дээд сургууль (АУДэС)-ийн сургалтад өргөн хэрэглэгдэж байсан гэх нэгэн зүйлийг ишлэл болгон авч энэхүү сэдвийг түр өндөрлөе: “Эмч өвчтөн хоёр нийлбэл өвчин ялагдана. Өвчин өвчтөн хоёр нийлбэл эмч ялагдана”