ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯРЫН ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2019-05-24 16:09:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/.

 

ТУУЖИС II


Нобелийн шагналт зохиолч Мо Яний “Туужис II” бүтээл нь номын баярын онцлох бүтээлүүдийн нэг байв. Европын шүүмжлэгч хийгээд уншигчид энэхүү Хятад зохиолчийн бүтээлүүдийг Маркес, Фолкнер зэрэг томоохон зохиолчдынхтой харьцуулдаг билээ.


Ном буй “Тунгалаг лууван” тууж нь Мо Янийг анх алдаршуулсан бөгөөд “Дарсны орон” романы бичлэгийн өнгө аяс болох шидэт реализм энэхүү туужийг бичих үеэс илэрчээ. Шидэт реализмыг Латин америкаас эхлэлтэй хэмээдэг ч Оросын зохиолч Булгаковын “Мастер Маргарита хоёр” роман тэрхүү ойлголтыг няцаасан. Тэгвэл Мо Янь “Дарсны орон” болон “Шишийн дарс” зэрэг бүтээлүүдээрээ болон шилмэл өгүүллэгүүд нь шидэт реализм Азид бийг нотолдог билээ.


ДУР БУЛААМ




Дэлхийн өнөө цагт ид бүтээн туурвиж буй 21 зохиолчийн шилмэл өгүүллэгийг багтаасан “Дур булаам” түүвэр уншигчдын хүртээл болжээ. Тус бүтээл Тагтаа хэвлэлийн газрын орчуулагч Б.Баясгалангийн гурав дахь шилмэл өгүүллэгийн түүвэр юм.


Тэрээр номынхоо тухай “Мэдээлэл шинэчлэгдэхгүй бол мэдлэг сэлбэгдэхгүй, мэдлэг сэлбэгдэхгүй бол бид цаг үетэйгээ нийлж алхах, дэлхийн хөгжилд дөрөө харших тухай бодоход хүнд. Уншигчдын сонголт таашаал хорьдугаар зууны эхэн үеийн дэлхийн уран зохиолоос нэг их холдоогүй манай орны хувьд чухам яг энэ цаг үед дэлхийн хүн зон юу уншиж, зохиолчид нь юу бичиж буйг зах зухаас нь ч болохнээ мэдэж, таньж байж өөрсдийн бүтээл туурвилын жин бан, чадал чансаа, үзэл санаа, ялгаа заагийг тодорхойлох биз ээ” хэмээсэн байна.


“Дур булаам” түүвэрт Элис Мүнро, Умберто Эко, Салман Рушди, Милан Кундерагаас гадна бидний уншигчид танилцаж амжаагүй Энэтхэгийн зохиолч Шарма, Японы зохиолч Юүко Саката, Тайванийн зохиолч Хуан Чон Кай, Гайти гаралатай Америкийн зохиолч Дантика зэрэг олон шилдэг зохиолчдын шилмэл өгүүллэгүүд багтжээ.


АВГА АХ




Хятадын зохиолч Ин Шүэ Юүны “Авга ах” тууж орчуулагч Мө.Батбаярын хөрвүүлснээр уншигчдад хүрчээ. Тус зохиол нь Хятадын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч хэмээгддэг Лү Синий нэрэмжит утга зохиолын шагналт бүтээл юм.


Шүэ Юүн уран зохиолын олон чиглэлээр гурван сая гаруй үг бүхий зохиол бичиж хэвлүүлсэн байна. Анхдугаар удаагийн Лян Бин-ий нэрэмжит утга зохиолын шагнал, Сүн Ли-ийн нэрэмжит хүүрнэл зохиолын шагнал, Лин Уй Тан-ий нэрэмжит утга зохиолын шагнал, “Бээжингийн Утга зохиол"-ийн тусгай байрын шагнал мөн долоо дахь удаагийн Лүн Шюнь утга зохиолын шагнал хүртэж байв. Түүний "Сү Ювэ гэгч эмэгтэй" зохиолын бүтээсэн олон ангит кино нь CCTV-гээр цацагдаж байжээ. 


НЭРИЙН ДЭЛГҮҮРИЙН ЭМЭГТЭЙ




Японы нэн шинэ үеийн уран зохиолын содон төлөөлөгчдийн нэг зохиолч Саяака Муратагийн "Нэрийн дэлгүүрийн эмэгтэй" номыг Б.Дэлгэрмаагийн орчуулгаар "Тагтаа" хэвлэлийн газар эрхлэн гаргажээ.


Хувьд хүнд ямар ч боломж эс олгох хачин чигжүү иргэншил, хотжил, нийгмийн дагтаршсан хэв маягт эс нийцэгчдийн тухай голчлон бичдэг Саяакагийн зохиолууд хэвлэгдэж эхэлсэн цагаасаа олны анхаарлыг ихээхэн татжээ. Улмаар зохиолч 2003 онд буюу 23 насандаа шинээр гарч ирж буй зохиолчдод олгодог Гунзо шагналын эзэн болж, цаашлаад Японы уран зохиолын хамгийн нэр хүндтэй шагналууд болох Мишимагийн шагнал, Акутагавагийн шагналыг хүртжээ. 


Хөнгөн бичлэгээрээ хүндийг оносон, ёжтой, жигтэй, эрс тэрс бүтээл болох "Нэрийн дэлгүүрийн эмэгтэй" ном түүний онцлох романы нэг юм.


МӨРӨӨДӨЛ БА ТООС




Дэлхий нийтийг шуугиулсан “Хаан ширээний тоглоом” цуврал кино төгсч шүүмжлэгчдээс олон янзын үнэлгээ авсан билээ. Тэгвэл одоо номыг нь унших үлдлээ. Жорж Мартины бүтээсэн асар баялаг ертөнц “Гал мөсний дуун” цувралын удаах дэвтэр болох “Мөрөөдөл ба тоос” ном шинээр мэндлээд удаагүй байна.


Сүр хүчит тулааны дараа зүг зүгээс ирэх шинэ аюулд Долоон ханлиг улсын ирээдүй дээсний дөрөөн дээр дэнжигнэнэ.Үймээн самуун дэгдэхийн хирээр хувь тавилан хийгээд хуйвалдаан зөвшилцөөний урсгалууд агуу бүжигт бүгдийг татан оруулна. Бүх л өнцөг булангаас ширүүн зөрчлүүд үүсч, увайгүй урвалтууд газар авч, гэмт хэрэгтэн, гэгээн ламтнууд, арьсаа солигчид, эхэс дээдэс, зарц боолууд зэрэг нүсэр том бүлгэмүүд дааж давшгүй хүнд нөхцөл байдалд орох гэнэ. 

Холбоотой мэдээ