Гадаад харилцааг хөгжүүлэхэд иргэдийн оролцоог чухалчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-05-29 16:18:26

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын гуравдугаар баг буюу тус аймгийн ИТХ-ын 20 дугаар тойргийн төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун "Гадаад харилцааг хөгжүүлэхэд иргэдийн оролцоог чухалчилна" гэдгээ илэрхийллээ.

Түүний хувьд иргэдийнхээ ажил амьдралыг дэмжих, олон шинэлэг зүйлсийг үзүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр багийнхаа иргэдийг хамруулсан хэд хэдэн удаагийн аялал, арга хэмжээг олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулаад байгаа юм. Үүнээс дурдвал, 2017 онд БНХАУ-ын Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн сургуулийн ногоон байгууламж, авто машины засварын чиглэлээр таван хүнийг 14 хоногийн сургалтад хамруулсан,  2018 онд тойргийнхоо 45 иргэнийг ОХУ-ын Улаан-Үд хотод аялуулан Итгэлт хамбад мөргүүлсэн, 20 малчныг БНХАУ-ын Хайлаар хотын Хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаатай танилцуулах зорилго бүхий албан айлчлалыг зохион байгуулсан байна.

Тэр дундаа БНХАУ-ын Хайлаар хотын Хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаатай танилцуулах айлчлалын үеэр малчид мах боловсруулах үйлдвэр, үнээний сүүгээр эм боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, хадлангийн иж бүрэн техникийн үйлдвэртэй тус тус танилцсан юм. Ингэснээр цаашид өөрийн хүссэн зураг төслөөр захиалга өгч болох талаар санал бодлоо солилцов.

Төлөөлөгч Г.Хэрлэнчулуун хамгийн сүүлд гэхэд гуравдугаар багийнхаа шинэ жилийн баяраар азтан болсон 10 иргэнийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуу Улиастай хотод аялуулжээ. Энэхүү аяллын үеэр  иргэд бүлэг хоршооны зарчмаар мал маллах, малын түүхий эдээр олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, давсны үйлдвэр, махны үйлдвэр, эрүүл мэндийн төв, спортын ордон, хүүхдийн цэцэрлэг зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцжээ. 

Цаашид дээрх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм.


 


 


 

Холбоотой мэдээ