Рикардо Мисиано: Өнөөгийн хөгжлийн хурдаараа урагшилбал ТХЗ-ыг биелүүлж чадахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-27 12:19:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улс боловсролын салбарыг хөгжүүлэхэд зориулж 2019 оны улсын төсөвт ДНБ-ий 4.7 хувь, төсвийн 17.2 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө тусгажээ. УИХ-ын дарга Г.Занданшатар ТХЗ-ыг хэрэгжүүлэх асуудлаарх Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы үеэр ийнхүү онцлов.


НҮБ-аас 2015 онд баталсан ТТХЗ-ын Ядуурлыг бууруулах болон бусад салбарын зорилгыг хэрэгжүүлэхэд, нэн тэргүүнд бүх нийтэд чанартай боловсрол олгох нь чухал гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар дурдлаа.


Baramsai Chadraabal-н зураг.

Тэрбээр, “НҮБ-ын ТХЗ-уудыг хэрэгжүүлэх үүднээс УИХ-аас “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичгийг 2016 онд баталсан. Мөн УИХ-ын бүтцэд Тогтворой хөгжлийн зорилгын дэд хороо байгуулж, Засгийн газартай хамтран ажиллаж байна. Засгийн газар болон парламентаас багш нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, боловсрол ба хөдөлмөр эрхлэлтийн уялдааг хангахад анхаарч байгаа. Тухайлбал, УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганаар Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Мөн Засгийн газраас “Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрөөс эхлээд олон ажил өрнүүлж байна. Хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлснээр 2018 онд 100 мянган төрөлт тутамд 27 хувь байсан эхийн эндэгдлийг 2030 онд 15 хувь болгох юм” гэлээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх үүднээс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэх, агаарын бохирдлыг бууруулах зорилт тавин ажиллаж байгааг дурдсан. УИХ-аас Засгийн газрын бодлогыг дэмжиж Усны бохирдол, Хог хаягдлын менежментийн тухай зэрэг хууль, эрхзүйн орчныг сайжруулахад анхаарч буйг мөн цохон тэмдэглэв.


Дэлхий нийтийг нэгэн зорилгын дор нэгтгэж чадсан ТХЗ-ыг бүрэн хэрэгжүүлэхэд 11 жил үлдсэн байна. Уг зорилгыг бүрэн хэрэгжүүлэхэд улс орнууд хөгжлөөс хэнийг ч хоцроохгүй байх нь туйлын чухал хэмээн ОУПХ-ны Ерөнхийлөгч Габриела Куэвас Баррон дурдсан юм.


Baramsai Chadraabal-н зураг.

Уг зорилгыг хэрэгжүүлэхийн тулд улс орнууд, бүс нутгийн сайн туршлагыг судлах, түгээн дэлгэрүүлэхэд ОУПХ анхаарч ажиллаж байгааг мөн онцлоод, “Монгол Улс ТХЗ-ыг хэрэгжүүлэхийн тулд хууль тогтоомжууд, үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж буй зэрэг өөрийн гэсэн туршлагыг хуримтлуулж байна. 2017 оны 5 дугаар сард БНСВУ-д Ази, Номхон далайн бүсийн ТХЗ-ын анхны парламентын чуулганыг зохион байгуулсан. Тэр үед ТХЗ-ын хэрэгжилтийн явцыг дүгнэн, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай алхмуудын талаар хэлэлцсэн. Энэ удаа ТХЗ-ыг хэрэгжүүлэхийн тулд улс орнууд хэрхэн ажиллаж байгаа болон цаашдаа юунд анхаарах шаардлагатай байгааг тогтоох юм. Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь амьдардаг Ази, Номхон далайн бүс нутаг бол эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж байгаа. Цаашдаа парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог хангахад анхаарах шаардлагатай” гэсэн юм.


Харин НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын Байгаль орчин, хөгжлийн хэлтсийн Тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Рикардо Мисиано дэлхийн нийт өнөөгийн хөгжлийн хурдаараа урагшилбал, ТХЗ-ыг биелүүлж чадахгүй хэмээн шүүмжилсэн юм. Тэрбээр, “Ази, Номхон далайн бүс нутагт зорилтыг хангалттай хэрэгжүүлэхгүй байна. Зарим зорилго хэт удаан, зарим салбар 2015 оны үеийнхээсээ бүр муудсан байгаа юм. Бүс нутгийн хэмжээнд хүчирхийлэлтэй тэмцэх, гэмт хэргийг бууруулах зорилтуудын хэрэгжилт сайн байгаа бол цэвэр усны хангамж, эдийн засгийн өсөлт, хариуцлагатай хэрэглээг бий болгох зорилго ухарсан үзүүлэлттэй байна. Тиймээс улс орнууд байгаль орчныг хамгаалах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, тэгш хүртээх чиглэлд бодлого боловсруулах шаардлагатай. Энэ удаагийн чуулганаар энэ чиглэлд тодорхой санал гарна гэдэгт итгэж байна” хэмээв.

Baramsai Chadraabal-н зураг.

ТХЗ-ын хэрэгжилтэд гүйцэтгэх үүрэг, оролцоогоо нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын Их Хурал 2018 онд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дэргэд Тогтвортой хөгжлийн дэд хороог байгуулсан. Эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр сүүлийн хоёр жилд Монголын парламент Хог хаягдлын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Ус бохирдуулсны тухай хуулиудад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулснаар орчны бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн ногоон татвар, ногоон худалдан авалтын тогтолцоог бүрдүүлэх эрхзүйн томоохон шинэчлэл хийсэн. Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтүүдэд 2015-2018 онд нийт 4 удаа үнэлгээ хийжээ. Түүнээс гадна Засгийн газар 2019 онд Тогтвортой хөгжлийн зорилтын үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлох үүрэг бүхий 8 дэд ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан байна. Энэ хүрээнд ТХЗ-ын шалгуур үзүүлэлтийг үндэснийхээ онцлогт тохируулан боловсруулж байгаа юм. Ингэхдээ, үнэлэх аргачлалыг нь бий болгох, мэдээллийн эх үүсвэрийг тодруулахаар ажиллаж байгааг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол хэллээ.


Baramsai Chadraabal-н зураг.

Төрийн ордонд хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн чуулганд ОУПХ-ны гишүүн ба гишүүн бус Ази, Номхон далайн бүсийн 19 орны болон олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Чуулган “ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд туслах, хянах чиглэлээр парламентуудын хийсэн ажил, хүрсэн үр дүн: ОУПХ-ноос зөвлөмжилсөн Тогтвортой хөгжлийн асуудлаар өөрийгөө үнэлэх аргыг хэрэглэсэн байдал” салбар хуралдаанаар үргэлжилж байна.

Холбоотой мэдээ