Европын парламентын сонгуулийн ирц 50.5 хувьтай гарчээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-05-27 12:30:53

БРЮССЕЛЬ. /BBC/. Тавдугаар сарын 23-26-ны хооронд Европын Холбооны улсуудад болсон Европын парламентын сонгуулийн ирц 50.5 хувьтай гарсан нь 2014 оныхоос 8 хувиар өссөн үзүүлэлт аж. Энэ тухай Европын парламентын төлөөлөгч Маргрете Вестагер сонгуулийн урьдчилсан дүнг зарлахдаа мэдэгдсэн байна.


"Сонгуульд идэвхтэй оролцсонд бүгдэд нь талархлаа илэрхийлье. Бид сүүлийн арван жилийн хугацаанд ийм үр дүн харж байсангүй” гэж өрсөлдөөний асуудал хариуцсан Европын комиссар Маргрете Вестагер хэлсэн байна. Тэрбээр “Европын төлөөх либералууд ба ардчилагчид эвсэл”-ээс Европын комиссын тэргүүний албан тушаалд нэр дэвшжээ.


Европын парламентын шууд сонгуулийг 1979 оноос явуулж байгаа юм. Анхны сонгуулийн ирц 61.99 хувьтай байсан боловч дараагийн сонгуулиудад сонгогчдын идэвх тогтмол буурсан үзүүлэлттэй гарч байжээ. Энэ нь Европын төслүүдэд хандах европчуудын сонирхол буурсантай холбоотой юм. 1999 онд сонгуулийн ирц 50 хувиас доошилж 49.51 хувьтай гарч байв.


Европын шинжээчдийн үзэж буйгаар, энэ жилийн хувьд сонгуулийн ирц буурах хандлагыг нийгэм дэх улс төрийн нөлөөлөл хурдацтай нэмэгдэж буй явдал өөрчилж чаджээ. Тухайлбал, Францын “шар хатнаазтнууд”-ын хөдөлгөөн,  цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн болон цаг уурын өөрчлөлттэй хийж буй тэмцлийг эрчимжүүлэх уриа лоозон дор Европын хотуудад зохион байгуулж буй олон тооны эсэргүүцлийн ажиллагааг дурдаж болно.


Холбоотой мэдээ