Үл довтлох гэрээ байгуулахыг Персийн булангийн орнуудад санал болгов

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-05-27 13:09:42

ТЕГЕРАН. /Irna/. Иран улс Персийн булангийн орнуудтай харилцаагаа тэнцвэржүүлэхийг зорьж байгаа бөгөөд үл довтлох тухай гэрээ байгуулахад бэлэн байна. Ийм мэдэгдлийг Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф Иракийн нийслэл Багдад хотод хийв.


“Үл довтлох тухай гэрээ байгуулахыг Иран улс Персийн булангийн хөрш орнуудад санал болгосон” гэдгийг Зариф Иракийн Гадаад хэргийн сайд Али аль-Хакимтай хамтран зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ. Үүний сацуу, тэрбээр “эдийн засгийн эсвэл, цэргийн гэх мэт аливаа түрэмгийллийг Иран улс” сөрөн зогсох болно гэдгийг цохон дурдсан байна.


Харин Иракийн эрх баригчид АНУ болон Ираны хооронд үүссэн хямралыг зохицуулахад зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн гэдгээ дахин мэдэгджээ. “Иран улсыг эдийн засгаар хавчин боох нь дэмий чармайлт юм. Бид Вашингтоны дангаар хийсэн алхмуудыг эсэргүүцэж байгаа бөгөөд хөрш Иран улстай зэрэгцэн зогсож, Тегеран болон Вашингтоны хооронд зуучлагч хийнэ” гэж Иракийн Гадаад хэргийн сайд хэлсэн байна.


Хоёр улсын Гадаад хэргийн сайд нар Багдад хотод хэлэлцээ хийх үеэрээ бүс нутгийн хурцадмал байдалд гол анхаарлаа  хандуулжээ.

Холбоотой мэдээ