Мариелза Оливэйра: Ядуурлыг бууруулах гол алхам нь тэгш, чанартай боловсрол олгох юм

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-05-27 15:12:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы хуралдаан “Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл болох нь” сэдвээр үргэлжиллээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Н.Учрал даргалав.


Хуралдааны эхэнд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Бээжин дэх Суурин төлөөлөгч  Мариелза Оливэйра илтгэл тавьсан.



Тэрбээр боловсрол бүх хүмүүсийн амьдралын чанарт нөлөөлдөгийг онцлоод ядуурлыг бууруулах зорилгыг хэрэгжүүлэх гол алхам нь тэгш, чанартай боловсролыг хүн бүрт олгох, насан туршдаа боловсрох боломжийг бий болгох юм хэмээсэн. Боловсрол эзэмшсэн хүмүүсийн хөдөлмөр эрхлэх боломж нээгдэн, улмаар орлого нь өсч, цаашлаад улс орны эдийн засаг хөгжихөд хувь нэмрээ оруулдаг болохыг дурдаад дэлхий дээр олон сая хүүхэд сурч боловсрох боломжгүй байгаа энэ үед Монгол Улсын бүх нийтийн боловсролын асуудлаарх тайланд ахиц гарсан, нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг малчин өрхийн аж амьдралд тохирсон боловсролын үйлчилгээний шинэ арга хэлбэрийг нэвтрүүлж байгаад талархаж буйгаа илэрхийлсэн юм.


Хатагтай Мариелза Оливэйра, цаашид мэргэжлийн боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх, боловсролын салбарын төлөвлөлтийн чадавх болон сургалтын хөтөлбөр, сурах бичгийн чанарыг сайжруулах талаар анхаарах зүйлс олон байгааг дурдлаа. Тэрбээр, "Боловсролтой иргэд байгаль дэлхийгээ хамгаалахын зэрэгцээ эрүүл мэнддээ анхаардаг. Цаашлаад хүчирхийлэлтэй тэмцэх, аюулгүй байдлыг бэхжүүлэх, гэмт хэргийг бууруулахад боловсролын үүрэг чухал" гэлээ


Мөн хуралдаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавьсан.



Тэрбээр, Монгол Улсын 2030 он хүртэлх хөгжлийн зорилтын нэг нь “Мэдлэгт суурилсан нийгэм ба ур чадвар бүхий Монгол хүн” хэмээх боловсролын зорилго юм. Энэхүү зорилгын хүрээнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах, ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, чанарыг баталгаажуулах, мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог боловсронгуй болгох, дээд боловсрол, насан туршийн боловсролын тогтолцоог боловсронгуй болгох зорилт дэвшүүлсэн гэлээ.


2018-2019 оны хичээлийн жилийн байдлаар хамран сургалт сургуулийн өмнөх боловсролд 81.9 хувь, бага боловсролд 96.4 хувь, суурь боловсролд 95.5 хувьд хүрээд байгааг дурдаад НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Суралцахад бэлэн дэлхий: сургуулийн өмнөх боловсролын талаарх дэлхийн тайлан-2019”-д Монгол Улс алслагдсан хөдөө орон нутагт боловсролын үйлчилгээг хүргэхэд ихээхэн анхаарч, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд сургуулийн өмнөх боловсролын сургалтыг 20 гаруй хувиар өсгөсөн нь олон улсад тэргүүлэх амжилт, сайн жишээ болгон тэмдэглэсэнийг онцолсон. Гэвч хүн амын өсөлт, алслагдсан хөдөөгийн малчин гэр бүлийн хүүхэд, хотын захын дүүргүүд, шинээр байгуулсан орон сууцны хорооллын бүсэд шилжин ирсэн гэр бүлийн хүүхдүүд цэцэрлэг, сургуульд бүрэн хамрагдаж чадахгүй байх бодит нөхцөл байсаар байгааг мөн дуулгасан.


Сайд Ё.Баатарбилэг, Тэгш боломжийг хангасан чанартай боловсролын талаар, багш бэлтгэх, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн ур чадвар, өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх, насан туршийн боловсролын тогтолцооны талаар хуралдаанд оролцогчдод мэдээлэл хийсэн юм.


Эцэст нь тэрбээр Тогтвортой хөгжлийн  зорилт, үзэл санаанд нийцүүлэн боловсролын тогтолцоог оновчтой болгох, бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийг дэмжих, боловсролын салбарын санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэх, бүх талын идэвхитэй оролцоог хангах, хариуцлагыг сайжруулах зохицуулалттай болгохоор Боловсролын тухай багц хуулийг шинэчлэн боловсруулж байгааг онцлов.



Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ажлын байрыг нэмэх, ядуурлыг бууруулах, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч мэдээлэл хийсэн юм. Сайд С.Чинзориг, 2018 онд эдийн засгийн өсөлт 9 хувьд хүрч, ажилгүйдлийн түвшин 7.1 хувь болж буурсан ч энэ хангалттай үзүүлэлт биш гэлээ. Ажилгүйдлийн түвшин дорвитой буурахгүй байгаа нь 1990-ээд онд хийсэн өөрчлөн байгуулалт, өмч хувьчлалын алдаатай бодлогоос үүдэлтэйг дурдлаа. Түүнчлэн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийг хөгжүүлэх, жижиг, дунд, гарааны бизнесийг дэмжих бодлого баримталж буйг дурдаад өрхийн мөнгөн орлогыг нэмэгдүүлэх, хөдөөд ажлын байр олноор бий болгох зэрэг олон зарилтыг тавин ажиллаж буйг дуулгасан юм.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хуралдаанд оролцогчид өөрийн орны боловсролын салбарт тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар, боловсролоор дамжуулан ядууралтай хэрхэн тэмцэж буй туршлагаа хуваалцлаа.

Холбоотой мэдээ