“Гурван чимэгтэй наадам” тоглолт нээлтээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. СГЗ Б.Норовын бүтээл “Гурван чимэгтэй наадам” цомнолыг “Ойрад” театрын уран бүтээлчид БСШУСЯ болон аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр үндэсний театрчилсан тоглолт болгож энэ сарын 27-нд нээлтээ хийлээ.
Уг тоглолт нь баяд, дөрвөдийн хуримын ёс
заншил, ахуй соёлын судалгааг үндэслэн, өвөг дээдсийн үеэс өвлөгдөж ирсэн биет
болон биет бус өв соёлыг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх
зорилгоор бүтээжээ. Тоглолтод “Ойрад”
театрын 52 уран бүтээлч, 24 ажилтан, ажиллагсад оролцон тоглосон
бөгөөд ерөнхий найруулагчаар МУГЖ, бүжиг дэглээч, бүжигчин Л.Ганчимэг ажиллалаа.
Түүний хувьд “Ойрад” ХЖТ-т хоёр жилийн хугацаагаар
урилгаар ирж ажиллаж байгаа бөгөөд залуу уран бүтээлчдийг
сургах, Баруун Монголын өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд өөрийн
авьяас
чадвар, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулан ажиллаж, театрын хөгжилд
үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ. Иймээс тоглолтын төгсгөлд МУГЖ,
бүжиг дэглээч, бүжигчин Л.Ганчимэгт аймгийн удирдлагуудын зүгээс хүндэтгэл
үзүүлэн цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүссэн
юм.