А.Ариунзаяа: Сайн статистик сайн бодлого гаргах нөхцөл бүрдүүлдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-28 15:21:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы V хуралдаан “ТХЗ-ыг үндэсний хэмжээнд баталгаажуулах, хэрэгжилтийг хянахад иргэдийн оролцоог хангах, хяналт, үнэлгээ хийхэд тоо баримт ашиглах нь” сэдвээр боллоо. 


Хуралдааныг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн даргалав. Тэрбээр энэхүү  хуралдаанаар ТХЗ-ын хэрэгжилтийн талаар иргэний нийгмийн зүгээс бодлого тодорхойлогчдод санал хүсэлт хүргүүлэх, хамтарч ажиллах шинэлэг арга замыг хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав.



Хуралдаан Фижи Улсын парламентын дарга Рату Эпэли Найлатикаугийн илтгэлээр эхлэв. Тус улс 2016 оноос парламентын чадавхыг бэхжүүлэх, хяналтыг сайжруулах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, статистик мэдээллийг оновчтой ашиглахад анхаарал тавин ажиллаж байгаа аж. Тус улсын парламентаас  2017 онд ТХЗ-ыг хэрэгжүүлэхийн тулд 2017-2036 он хүртэлх үндэсний хөгжлийн хөтөлбөр гаргасан байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийг таван жил тутам дүгнэж, үйл ажиллагаагаа төлөвлөснөөр дэлхий нийтийн ТХЗ-ыг хэрэгжүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэнэ хэмээн үздэгээ дурдсан юм.



Дараа нь, Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа илтгэл тавьсан. Тэрбээр, Үндэсний статистикийн хороо УИХ-д ажлаа тайлагнадгийг дурдаад, тус байгууллага олон жилийн түүхтэй ч өмнөх тоон  мэдээллүүд оновчгүй, учир дутагдалтай байсныг онцлов. Иймд статистикийн салбарт хуваарилж буй санхүүжилтийг нэмж, чанартай, оновчтой мэдээ гаргуулах нь чухал гэж байлаа. 


Мөн дэлхий нийтэд нэн ядуу, эмзэг давхаргад хамаарагддаг хүмүүсийн 20 хувь нь бүртгэлгүй төрөлтийн 50 хувийг бүрдүүлж байгаа аж. Иймд Монгол Улс шинээр мэндэлсэн иргэдээ амаржих газруудад бүртгэж эхэлснээр статистик мэдээллийг үнэн зөв гаргахад нөлөөлж байгааг хэлэв. Илтгэлийнхээ төгсгөлд сайн статистик байна гэдэг сайн бодлого гаргах нөхцөлийг бүрдүүлдгийг дурдсан юм.


Салбар хуралдаанд тавьсан илтгэлүүдийн хүрээнд, Иран, Энэтхэгийн төлөөлөгчид санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын туршлагаас хуваалцлаа. 



Тэрбээр, УИХ 2016 оны 2 дугаар сард “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийг баталсан бөгөөд үүнийгээ амжилттай сайн хэрэгжүүлэх үүргийг Олон Улсын өмнө хүлээгээд байгаа билээ. Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг биелүүлэхэд ашгийн бус байгууллагын оролцоог хангах, нээлттэй засаглалыг бэхжүүлэх, төрийн байгууллагуудын зарим чиг үүргийг шилжүүлэх шаардлагатай байна. Энэ чиг хандлагыг Олон улсын түвшинд амжилттай хэрэгжүүлж байгаа туршлагаас манай улс суралцах ёстой" хэмээж байв. 


Мөн төрөөс Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгийг төлөвлөх, хэрэгжүүлэх, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд УИХ-аас одоо хэрэгжүүлж буй ТББ-уудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Засгийн газрын зарим чиг үүргийг Ашгийн бус байгууллагуудад шилжүүлэх тухай хуулийг шинээр батлах шаардлагатай байна гэсэн юм.

Холбоотой мэдээ