Морин хуурчдын уралдааны шилдгийн шилдгээр 12-р ангийн суралцагч П.Адьяа шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан /МОНЦАМЭ/. Завханд өсвөрийн морин хуурчдын долоодугаар уралдаан болж дөрвөн төрөлд 240 гаруй авъяаслаг суралцагчид оролцлоо. Монгол түмний хосгүй үнэт өв, соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлж өвлөн тээж буй Завханы өсвөрийн морин хуурчдын урын сан, арга барил, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой тус уралдаанд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна.
Ийнхүү энэ жилийн уралдааны бага ангийн гоцлол төрөлд тэргүүн байрт Тосонцэнгэл сумын хоёрдугаар сургуулийн суралцагч Б.Санжаасүрэн, дэд байрт Тэс сумын сургуулийн суралцагч Н.Өсөхбаяр,гутгаар байрт Их-Уул сумын суралцагч Б.Мөнхбаяр нар шалгарчээ.
Харин дунд ангийн төрөлд тэргүүн байрыг Улиастай сумын Дэвшил сургуулийн суралцагч Д.Шаравжамц, ахлах ангийн гоцлол төрөлд тэргүүн байрыг Их-Уул сумын сургуулийн суралцагч Н.Адьяабаяр нар тус тус эзэлж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнуулжээ.
Харин хамтлагийн төрөлд тэргүүн байрыг Тосонцэнгэл сумын хоёрдугаар сургуулийн “Хос чавхдаст” хамтлаг, дэд байрыг Дэвшил сургуулийн “Тэнгэрлэг” хамтлаг, гутгаар байрыг Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн “Содон аялгуу” хамтлаг тус тус шалгарчээ.
Өсвөрийн морин хуурчдын 7-р уралдааны Гранпри
шагналын эзнээр Дэвшил сургуулийн 12-р
ангийн суралцагч П.Адьяа шалгарч, ивээн тэтгэгч “Эгшиглэн манлай”
компанийн 750 мянган төгрөгийн өртөг бүхий морин хуураар шагнуулжээ.
Өсвөрийн
морин хуурчдын 7 дугаар уралдааныг СУИС-ийн хуурын багш
СТА Н.Түвшинжаргалаар ахлуулсан “Этүгэний аялгуу” сургалтын төв болон СУИС-ийн
Завхан аймаг дахь салбар Хөгжим Бүжгийн коллежийн морин хуурын багш
Б.Өнөрсайхан нар шүүн тунгаажээ.