Хокинг: ойрын 100 жилд хүмүүс Ангарагийг эзэмшинэ

Дэлхийд | Шинжлэх ухаан
jargal@montsame.mn
2016-03-29 13:46:58

КЕМБРИЖ. /TASS/. Хүмүүс ойрын 100 жилд Ангараг гараг руу шилжин суурьшина гэж үзэж буйгаа орчин үеийн хамгийн нөлөө бүхий, алдартай онолын физикчидийн нэгд тооцогддог, Британийн эрдэмтэн Стивен Хокинг ТАSS агентлагт сонирхолтой ярилцлага өгөхдөө илэрхийлжээ.

“Америкийн NASA болон дэлхийн бусад орны сансрын агентлагууд бүхий л анхаарлаа Улаан нүдэн гарагт хандуулж байна. Энэ бол хөрс, агаар мандал бүхий, дэлхийтэй маш төстэй гараг юм. Хэдийгээр Дэлхийгээс ердөө гурван өдөр нисэх зайтай газарт оршдог Сар руу нүүн суурьших нь илүү хялбар боловч Ангараг гарагийг эзэмших нь илүү сонирхолтой зорилт бөгөөд үнэхээр бие даасан суурин газар байгуулах хэрэгтэй болно” гэдэгт эрдэмтэн итгэлтэй байна.

“Ойрын 100 жилд хүмүүс Ангараг дээр амьдарна гэдэгт би эргэлзэхгүй байна. Ингэхийн тулд бидэнд сансрын цацрагийн болон хүний бие органзмд гарах сөрөг өөрчлөлтийн аюултай нөхцөлд яаж амьд үлдэх вэ, амин чухал хэрэгцээтэй нөөц дутмаг нөхцөлд хэрхэн тэмцэх вэ гэдэг мэдлэгийг дээшлүүлэх боломж олгох хөрөнгө оруулалт хэрэгтэй” гэж Кембрижийн их сургуулийн таталцлын физикийн ухааны профессор онцлон хэлжээ.

Хүн төрөлхтөн ирээдүйд амьд үлдэхийн тулд Дэлхийг зайлшгүй орхиж, өөр гарагуудад хоргодох газар хайх хэрэгтэй болно гэж алдартай физикч үзэж байна.

"Хүн төрөлхтөн удаан хугацаанд оршин тогтнохын тулд эмзэг дэлхийгээ орхих боломжтой байх нь чухал. Дэлхий дээр цаашид оршин тогтноход цөмийн дайн, уршиг дагуулсан дэлхийн дулаарал, генийн хувьд өөрчлөгдсөн вирусууд зэрэг маш олон аюул бидэнд тулгарч байгаа бөгөөд эдгээр аюулын тоо шинэ технологи хөгжихтэй зэрэгцэн цаашид нэмэгдэх магадлалтай. Бид сансрыг эзэмшихэд, Дэлхийн сүйрэл нь хүн төрөлхтний төгсгөл болохгүйн тулд өөр гараг руу очиход гол анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай" гэж тэрбээр хэлжээ. 

Хокингийн үзэж буйгаар Дэлхий тэнгэрийн ямар нэг биеттэй мөргөлдсөний улмаас хүн төрөлхтөн мөхөх аюулаас илүүтэй хүмүүсийн өөрсдийнх нь буруутай үйлдлийн улмаас дэлхий сөнөх аюул илүү өндөр байна. “Хамгийн сүүлд 70 сая жилийн өмнө манай гараг том солиртой мөргөлдсөн. Биднийг оршин тогтноход илүү бодитой аюул бий” гэж эрдэмтэн хэлжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ