Зоонозын халдварын тулгамдсан асуудлыг олон улсын эрдэмтэд хэлэлцэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-05-29 18:16:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Зоонозын халдварын тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогчид хил орчмын тандалт судалгааг нарийвчлан хийж, хөрш орнуудтай цаашид хамтарсан судалгааны ажлыг үргэлжлүүлэхэд анхаарч ажиллахаар санал нэгдэв.


ЗӨСҮТ-өөс 23 дахь удаагаа зохион байгуулсан хуралд Монгол, БНХАУ, Казахстан улсын эрдэмтэн судлаачид тарваган тахал, шувууны томуу гэх мэт Монголд зонхилон тохиолдож буй халдварын талаарх  12 илтгэл хэлэлцүүлэв.  

Монгол Улсын хэмжээнд зонхилон тохиолдож буй болон анзаарагддаггүй зоонозын халдвараас урьдчилан сэргийлэхэд тулгамдсан асуудлаар хамтран ажиллах чиглэлийг тодотгож, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, үндэсний болон бүс нутгийн хүрээнд цаашдын авч хэрэгжүүлэх чиглэл, дэвшилтэт арга технологи, судалгааны үр дүнг  тодорхойлох нь чухал гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.

ЗӨСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд, сургалт, эрдэм шинжилгээний албаны дарга Д.Алтантогтох, “Манай оронд зоонозын халдварт өвчний оношилгооны асуудал хүндрэлтэй байдаг. Энэ асуудлын талаар тусгасан БНХАУ-ын илтгэгч Ван жин Yersinia pestis зүйлийн үүсгэгчийг илрүүлэх хурдавчилсан оношилгооны арга зүйг туршсан дүн, ЗӨСҮТ-ийн судлаачдын хийсэн Замын-Үүд дэх тарваган тахлын байгалийн голомтын талаарх илтгэл анхаарал татаж байлаа. Хил орчмын хүн ам ихээр төвлөрсөн газар нутагт халдвар тархах эрсдэл өндөртэй байдаг. Тиймээс энэхүү хурлаас анзаарагддаггүй халдварыг генетикийн түвшинд судлах, хилээр дамжин тархаж буй халдварт өвчнөөс урьчилан сэргийлэх чиглэлд ач холбогдолтой шийдвэр гарлаа. Мөн АШУҮИС, Мал эмнэлгийн хүрээлэн, Орос, Хятад улсын мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллах талаар санал солилцсон” хэмээв.

Хурлын үр дүнд олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулдаг, шинэ ба сэргэн тархаж буй байгалийн голомтот, зоонозын халдварт өвчнийг эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлсноороо ач холбогдолтой.

Тус хуралд ЗӨСҮТ, аймаг, нийслэлийн ЗӨСТ, ЭМГ, АШУҮИС, ХААИС, МЭЕГ, МЭХ зэрэг дотоодын мэргэжлийн байгууллагаас гадна БНХАУ,ОХУ, ХБНГУ, Казахстан улсын эрдэм шинжилгээний байгууллагын 100 гаруй эрдэмтэн судлаач оролцов.


М.Батчимэг

 

 


Холбоотой мэдээ