Агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллахыг санал болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-29 18:31:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бангкок хотноо өчигдөр эхэлсэн НҮБ-ын эдийн засгийн комиссын чуулганд оролцож байна. Энэ үеэр тэрбээр БНСУ-ын Уур амьсгал, агаарын чанарын асуудал хариуцсан Үндэсний зөвлөлийн дарга Бан Ги Мүнтэй уулзаж, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар агаарын бохирдол нь манай байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг тулгамдсан асуудлын нэг болохыг онцлоод, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хоёр улсын Засгийн газар үргэлжлүүлж хамтран ажиллахыг санал болгов.


БНСУ-ын Уур амьсгал, агаарын чанарын асуудал хариуцсан Үндэсний зөвлөлийн дарга Бан Ги Мүн Зүүн хойд Азийн улсуудын агаарын бохирдлын эх үүсвэр нь өөр өөр боловч түүнийг бууруулах зорилгоор олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн бүс нутгийн иргэдийн эрүүл мэнд, хил дамнасан байгаль орчны асуудлыг шинжлэх ухааны ул суурьтай судалгаа, мэдээлэлд суурилан хэлэлцэх шаардлагатайг дурдав.

Холбоотой мэдээ