Х.Баттулга: Хүүхэд бүрийг урлаг, спортоор хичээллэдэг байлгахын төлөө чармайн ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-05-31 11:50:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын урчуудын эвлэлийн хороо, “Ирээдүйн Монгол” ТББ хамтран зохион байгуулсан “Монголын ирээдүй Миний ирээдүй” сэдэвт гар зургийн уралдааны шилдэг бүтээлээр үзэсгэлэн нээлээ.  


Сурагчдын зургийн бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, хүүхэд багачуудад Хүүхдийн баярын мэнд дэвшүүлэв. Тэрбээр, “Өнгөрсөн жилийн Эх үрсийн баяраар хүүхдүүд маань Ерөнхийлөгчдөө хандан илгээсэн захидлын мөрөөр олон ажил эхлүүллээ. 2019-2020 оныг хүүхэд хамгааллын жил болгон зарлаж, бодитой ажлыг хийж байна. Хүүхэд хамгаалалд зориулсан төсвийг нэмэгдүүлж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хуулийн хатуу хариуцлага хүлээлгэдэг болгохын төлөө чармайн ажиллаж байна.

Монгол Улсад “Азийн хүүхдүүд-2020” олон улсын спортын наадам, Зүүн Азийн залуучуудын 2023 оны наадам болно. Наадмын бэлтгэл болгож Хүүхдийн спортын хотхон байгуулах ажлыг мөн Ерөнхийлөгч миний бие ивээлдээ аван ажиллаж байна. Хүүхдүүд маань тун удахгүй анхны мөсөн ордонтой, хөл бөмбөгийн талбайтай, мэргэжлийн тамирчид бэлтгэл хийх бололцоотой 50 метрийн урттай анхны усан спортын цогцолбортой болно. Хүүхэд бүхэн чөлөөт цагаараа урлаг, спортоор хичээллэдэг байгаасай гэж хүсэж, үүний төлөө чармайн ажиллаж байна. 

Манай хүүхэд залуус ой тогтоолт, цээж тоолол, соробан сампин, оюуны бэрхшээлтэй хүүхдийн наадам, шайбтай хоккей, сагсан бөмбөгийн “3-ын эсрэг 3” төрлөөр тун сайн амжилт гаргаж байгаа. Иймд цаашид төр засгаас хүүхэд, залуучуудын дунд спортын соёлыг дэмжих, түгээн дэлгэрүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно.

Сайн сурах чухал ч, сайн хүн болох нь түүнээс илүү чухал юм шүү гэж Ерөнхийлөгч нь та бүхэнд захья. Урлаг, спорт хүнийг сайн сайхан хүн болгон төлөвшүүлэхэд маш чухал үүрэгтэй.

Эх орныхоо ирээдүй болсон Монгол Улсын залуу иргэн Та бүхний гэгээн тунгалаг хүсэл мөрөөдөл биелж, эрдэм мэдлэг төгс, бие бялдар тэгш, эх оронч үзэл хүмүүжилтэй, өвөг дээдсийнхээ түүх уламжлалыг хүндэтгэсэн, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлтэй, оюунлаг зөв монгол хүн болон төлөвшинө гэдэгт итгэлтэй байна” хэмээв.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ зургийн үзэсгэлэнг үзэж, сэтгэл баясаж, урам зориг авах болтугай хэмээн үзэсгэлэнг өргөнөөр үзэхийг уриалав.

Уралдааныг 6-9 нас, 10-14 нас, 15-18 насны ангилалд зохион байгуулсан бөгөөд 1581 бүтээл ирүүлснээс нийслэлийн дүүргүүдээс 887, орон нутгаас 694 хүүхэд өөрийн хүсэл мөрөөдөл, эх орон, байгаль экологи гээд олон сэдвийг хөнджээ. Оролцогчдын бүтээлийн 40 хувь нь хүүхэд өөрийн ирээдүйн  хүсэл мөрөөдлөө зурсан бол 22 хувь нь Монгол Улс, орон нутгийнхаа хөгжил дэвшлийг өөдрөгөөр харж байгаагаар дүрсэлсэн байна.

Нийт бүтээлийн 13 хувь нь байгаль экологийн агуулгатай, өнөөгийн нийгэмд шүүмжлэл дагуулж буй агаар, хөрсний бохирдол, хүмүүсийн байгаль дэлхийтэйгээ зүй бусаар харилцаж байгааг дүрсэлсэн бүтээлүүд байлаа. Мөн хүүхдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, танин мэдэхүйн ач холбогдол бүхий байгууламж шаардлагатай байгаа нь тэдний зурж ирүүлсэн зоопарк, цэцэрлэгт хүрээлэн, цэнгэлдэх хүрээлэн зэргийг тусгасан бүтээлээс ажиглагдаж байна.


Үзэсгэлэн ирэх сарын 6-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейд гарна.


Гэрэл зургийг Б.Чадраабал





Холбоотой мэдээ