“Алдарт эх”-ийн одонг 362 эх хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-31 16:53:11

Ховд /МОНЦАМЭ/. Эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ховд аймгийн хэмжээнд 24-46 насны 362 эх  “Алдарт эх”-ийн одонгоор энгэрээ мялаалаа. 

Үүнээс 31 эх “Эхийн алдар"  нэгдүгээр зэргийн одон, 331 эх хоёрдугаар зэргийн одон хүртлээ.

"Алдарт эх” одон гардуулах үйл ажиллагаа өнөөдөр Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд болж, аймгийн удирдлагууд, иргэд хөдөлмөрчид оролцов.

Энэ жил хамгийн олон эх  “Алдарт  эх” одон авсан сумдыг  нэрлэвэл Жаргалант, Булган, Ховд сум байлаа.  

Үүнээс  Жаргалант  сумын  тухайд  101 эх “Алдарт  эх” одонгоор энгэрээ мялаалаа. Эдгээр эмэгтэйчүүдийн дөрөв  нь нэгдүгээр зэргийн одон,  97 нь хоёрдугаар  зэргийн одон гардан авав.  

Мөн “Алдарт эх” нэгдүгээр зэргийн  одон гардан  авсан  эмэгтэйчүүдийн  хамгийн залуу нь  32 настай  буюу Ховд сумын Улаанбураа багийн иргэн Х.Жолдыгүл байв. Харин  хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулсан хамгийн залуу эх 24 настай буюу  Эрдэнэбүрэн сумын Шураг багийн иргэн А.Маржангүл байлаа.

Ховд аймгийн  хэмжээнд  өнгөрсөн онд  338 эх “Алдарт эх” одонгоор энгэрээ мялааж байсан. Тэгвэл  энэ онд  24 эх  буюу  7 хувь  өссөн дүнтэй байна.


Холбоотой мэдээ