Сири орон сүйрлийн ирмэгт

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2016-03-29 17:10:24

2011 оноос хойш иргэний дайны хөлд талхигдаж улам бүр туйлдсаар буй Сири орон өнөөдөр сүйрлийн ангалын ирмэг дээр дэгэнцэн зогсч байна. Дайны улмаас үүссэн хохирлыг тооцон олон улсын байгууллагуудаас гаргасан тоо баримтууд үүнийг нотолж байгаа юм. 

Энэ оны 1 дүгээр сарын сүүлчээр Сирид байдлыг тохинуулах асуудлаар Б.Асадын Засгийн газар болон сөрөг хүчнийхний хооронд Швейцарьт эхэлсэн “Женев-3” гэгдэх хэлэлцээний өмнө талууд тулалдахаа зогсоолоо. Хэдийгээр энэхүү гал зогсоох тохиролцоог тун барьцгүй, хэврэг зүйл хэмээн дүгнэх ажиглагчид олон байгаа  ч иргэний дайн 5 жилийн үргэлжилсний эцэст анх удаагаа ийм өргөн хүрээтэй эвлэрлийн үйл явц эхэлсэн нь Сирийг сүйрлийн ангалын ирмэгээс татаж авах цорын ганц зам мөн.

Арабын хаврын хувьсгал Тунис, Египет, Ливид ид өрнөж байх үед Сирийн сөрөг хүчнийхэн тайван замаар, жагсаал цуглаан хийх байдлаар эсэргүүцлээ илэрхийлж байсан ч удалгүй энэ нь иргэний дайн, шашин хоорондын мөргөлдөөн болж өргөжсөнөөр сиричүүдийг асар их гамшиг зовлонд унагав.

Иргэний дайны улмаас Сирийн эдийн засаг, санхүүгийн салбар нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Дэлхийн зөн /World Vision/ гэдэг олон улсын байгууллагын хийсэн тооцоогоор, 5 жилийн турш үргэлжилж буй дайны уршгаар сиричүүд 275 тэрбум доллар олох байсан боломжоо алджээ. Харьцуулваас, энэ бол Португал улсын бүтэн жилийн ДНБ-тэй тэнцэх хэмжээний мөнгө.

Дээрх байгууллагын дүгнэлтээр, “Женев-3” хэлэлцээ амжилттай болж энэ онд дайн дууссан тохиолдолд Сирийн эдийн засагт учирсан хохирол 500-700 тэрбум доллароор хэмжигдэх бол эсрэгээр зэвсэгт мөргөлдөөн 2020 он хүртэл сунжирваас 1,3 их наяд долларын хохирол хүлээхээр байна. Ингэж асар ихээр сүйдсэн улс орныг сэргээн босгоход даруй 15 жилийн хугацаа орох ажээ. Хохирлыг тооцохдоо, зэвсэгт мөргөлдөөний явцад үйлдвэрлэлийн объектууд эвдрэн сүйрсэн, хөрөнгө оруулалт Сириэс дайжсан, төсвийн мөнгийг цэрэг армид асар ихээр зарцуулсан гэх зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзсэн байна. “Дэлхийн зөн” байгууллагынхан тайландаа “дайн дуусахыг хүлээх бус харин яг одоо сэргээн босголтын асуудлыг хөндөн ярих хэрэгтэй” гэдгийг сануулаад Сирийг сэргээн босгоход наад зах нь 100 тэрбум доллар шаардагдана гэсэн урьдчилсан тооцоо хийлээ.                                                

Дайн эхлэхээс өмнө Сирийн ДНБ 70 гаруй тэрбум доллар байсан бол одоо 27 тэрбум болтлоо буурав. Үйлдвэрийн барилга байгууламжуудын 90 хувь, орон сууцны барилгуудын тал хувь нь эвдрэн сүйрчээ. Тодруулваас, Сирид нийтдээ 4 сая барилга байшин байснаас 2 сая нь эвдрэн нурсан нь иргэний дайн асар их хөнөөл сүйтгэл авчирсныг харуулж байна.

2011 оноос өмнө сиричүүд ирээдүйдээ итгэлтэйгээр амьдарч байлаа. Хэдийгээр хөршүүдтэй нь харьцуулахад газрын тосны томоохон олборлогч биш ч гэлээ 5 жилийн өмнө нефтийн үнэ дунджаар 110 доллар байсан, мөн олон жилийн туршид 100-гаас буухгүй байсны ачаар Сирийн эдийн засаг эрчимтэй өсч, иргэдийн амьжиргааны түвшин ч дээшилж байв. Сирийг баян тансаг орон гэж хэлэхээргүй боловч дайнаас өмнө ард иргэд нь амь амьжиргаагаа түүртэлгүй залгуулаад байдаг байсан. 5 жилийн өмнө Сири улс өдөрт 400 мянган баррель нефть олборлон 40 гаруй сая долларын орлого олж байв. Энэ нь жилдээ 10 гаруй тэрбум доллар гэсэн үг. Үүний сацуу, байгалийн хийн борлуулалтаас чамгүй их мөнгө цутгаж байв.

Гэтэл өнөөдөр нефтийн олборлолт шууд 20 дахин унаснаар хөдөө аж ахуй давамгайлсан хоцрогдсон орон болж хувирчээ. Сирийн үндэсний мөнгөн тэмдэгт болох фунтын ханш 46 фунт/доллар байснаа 220 фунт/доллар болж бараг 5 дахин унав. Хэрэглээний үнийн индекс -491,5 хувь болж өссөн бол дайны өмнө 8 хувьтай байсан ажилгүйдлийн түвшин 57,7 гэсэн аймшигтай тоонд хүрэв. Сиричүүдийн 85 хувь нь ядуурлын түвшинд аж төрж, НҮБ-ын тооцоогоор бол, Сирийн хүн амд үзүүлэх хүмүүнлэгийн яаралтай тусламжид бараг 8 тэрбум доллар хэрэгтэй болжээ.                                                                       

Түүнээс гадна, иргэний дайны улмаас хүмүүнлэгийн хямрал хурцдан даамжрав. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд 470 мянган хүн амиа алдаж, 1,9 сая хүн шархадсан нь Сирийн нийт хүн амын 11,5 хувь нь болж байна. Тодруулбал, иргэний дайн эхлэхийн өмнөхөн Сирид 21 сая хүн амьдарч байсан бол өдгөө 6,3 сая хүн төрөлх хот тосгоноо орхин дайжиж, 4 сая гаруй хүн эх орноосоо дүрвэн Турк, Иордан, Ливан, Ирак, Египет болон Европын Холбоог зүглэжээ. Өөрөөр хэлбэл, 50 сири хүн тутмын нэг нь амиа алдаж, хоёр хүн бүрийн нэг нь дотоод, гадаадад дүрвэжээ гэсэн үг. Хүмүүнлэгийн хямралаас учирсан хохирлыг бүхэлд нь авч үзвэл, алагдсан, шархадсан, дүрвэсэн хүмүүсийн тоо нийт хүн амын ¼-ийг эзэлж, сиричүүдийн дундаж наслалт 70 байснаа одоо 55 болж буурчээ. Сирийн 15 бүс нутагт 500 мянга орчим хүн бүслэлтэд орж, тэднээс олон хүн өлсгөлөн болон эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаагийн улмаас амь насаа алдсаар.

Иргэний дайн эхлэхийн өмнө Сири улсын валютын нөөц 18 тэрбум доллар байсан бол одоо үндсэндээ шавхагдаад байна. Ялангуяа жил бүр Сирийн эдийн засагт 8,3 тэрбум долларын орлого авчирдаг байсан аялал жуулчлалын салбар нь бүхэлдээ дампуурав. Хэдхэн жилийн өмнө Сири дэх эртний Ромын эзэнт гүрний үеийн харшуудын балгас, загалмайтнуудын барьсан бэхлэлтийн цайзууд, Османы эзэнт гүрний үеийн барааны захуудыг үзэж, Газрын Дундад тэнгисийн эрэг дэх наранд шарлагын газруудад очиж алжаалаа тайлах гэсэн жуулчдын цуваа тасардаггүй байжээ.

Сири орны баялаг түүх манай эриний өмнөх 4 мянган жилийн өмнөөс эхтэй. Нийслэл Дамаск хот гэхэд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний хотуудын нэг билээ. Гэтэл дайн гэдэг хэнийг ч, юуг ч өршөөдөггүй учраас хэдхэн жилийн өмнө цэцэглэн хөгжиж байсан улс орон өнөөдөр нуранги балгасан дунд оршин тогтнож байна.                        

Дүгнэвээс, эдийн засгийг 100 тэрбумаар сэргээн босгож болдог юм аа гэхэд дайны хөлд үрэгдсэн эртний соёл, урлагийн дурсгалт зүйлүүдийг дахин сэргээнэ гэдэг бол бараг боломжгүй зүйл. Америкийн The Antiquities Coalition гэдэг ТББ-ын тооцоогоор, 5000 жилийн үүх түүхийг өөртөө агуулж байсан олон зуун соёлын дурсгалт газруудыг лалын хэт даврагчид эвдлэн сүйтгэжээ. Тэдгээрээс 6 нь ЮНЕСКО-гийн хамгаалалтад байсан юм. Түүх соёлын үнэт дурсгал болох шиитийн шашинтнуудын дунд асар их нэр хүндтэй Мухаммед Бин Али-гийн бунхныг “Лалын улс”-ынхан дэлбэлэн устгасан байна. Ракка хотод манай эриний өмнөх VIII зуунд урлан босгосон ихэр хоёр арслангийн хөшөөг сүйтгэжээ. Дераа хот дахь дэлхийд хамгийн эртнийхэд тооцогддог байсан лалын шашны сүм, Александр Македонскийн үед баригдсан Алеппо хот дахь дээвэртэй захууд, омейядуудын их сүм, Пальмирын Ялалтын хаалга ч мөн адил нэлээд эвдрэн нурсан байна. The Antiquities Coalition ТББ-ын хийсэн тооцоогоор, нийтдээ 2 тэрбум доллароор үнэлэгдэх эртний дурсгалт эд өлгийн зүйлс ор мөргүй алга болов. 

Энэ бүхнээс гадна өөр нэгэн аюул Сирийг нөмрөн айсуй. Сирид болж буй дайн нь тус орныг хэд хэдэн холбооны улс болон задрахад хүргэж тун болзошгүй байна. Үйл явдал ингэж өрнөх магадлал бий гэдгийг Оросын болон Барууны улстөр судлаачид анхааруулсаар байгаа юм. Учир нь, Сирид суннит болон шийт шашинтнууд, алавитууд болон курдууд, христийн шашинт арабууд, армянууд, грек-мелькитүүд, туркменүүд гээд олон үндэстэн ястан, шашны янз бүрийн урсгалыг дагагчид холилдон амьдардаг. Энэ олон шашин, угсаатны бүлгүүд иргэний дайнаас өмнө зүү орох зайгүй эв түнжинтай аж төрж байсан гэвэл хэтрүүлэг болно. Гэхдээ тэд хамтдаа нэг улсыг бүрдүүлээд хөгжил дэвшлийн замаар замнаж байсан гэдэг бол яах аргагүй үнэн. Харин дайн сунжирснаар олон үндэстэн угсаатан, шашны өөр өөр урсгалынхан хоорондоо цаашдаа эв найртай амьдарч чадах эсэх нь тун эргэлзээтэй боллоо. 

Дээрх шашин, угсаатны бүлгүүдээс хамгийн их асуудалтай нь курдууд. Тэд ерөнхийдөө Башар Асадыг дэмжиж, зарим үед төвийг сахихын зэрэгцээ ОХУ, АНУ хоёрын дэмжлэгийг хүлээж байгаа. Гэхдээ оросууд тэдэнд зэр зэвсгийн тусламж үзүүлдэггүй бол АНУ ч мөн адил курдуудыг зөвхөн дипломат арга хэрэгслээр л дэмждэг. Энэ нь курдуудад угийн “харшилтай” Туркийн эрх баригчдын дургүйг хүргэхээс болгоомжилсон хэрэг юм. Туркүүд Курдын зэвсэгт отрядуудыг террорист ажиллагаа явуулдаг хэмээн буруушаадаг бөгөөд саяхан тогтоосон гал зогсоох тохиролцоо нь террористуудад хамаарахгүй гэсэн заалт бий.

Курдуудын хувьд автономит эрхтэй болох гэсэн цорын ганц зорилго өвөрлөж байгаа нь нэгэнт илэрхий. Урьд нь тэд Иракт Курдистан хэмээх өөртөө засах эрх бүхий мужийг байгуулж, үнэн хэрэгтээ Багдадын эрх баригчдаас хараат бусаар оршин тогтнож байна. Хэрвээ Сирийн курдууд ийм эрхтэй болж тусгаарлаваас энэ нь “халдвар” болон тархаж, Туркт амьдардаг курдуудад ийм сэдэл өгөх аюултай. Ингэснээр Туркийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлж болзошгүй. 

Харин Курдын автономит муж байгуулах явдлыг АНУ, Израиль хоёр битүүхэндээ дэмжиж байгаа бололтой. Тэгээд ч "Женев-3"-ын хэлэлцэх асуудлын жагсаалтаас "Курдын автономи" гэх сэдвийг огт хасаагүй ба Сирийг холбооны улс болгох тухай яриа хөндөгдсөн гэдгийг их гүрнүүд үгүйсгэхгүй байгаа юм.                                                   

Төгсгөл. Нөхцөл байдал хэдийгээр ийм хүнд байгаа боловч НҮБ-ын тэргүүн Бан Ги Мүүний хэлснээр “цөөн тооны зөрчил гарсан боловч 2 дугаар сарын 27-ноос эхлэн мөрдөж буй Сирид гал зогсоох тохиролцоог талууд сахиж байгаа нь тун сайн хэрэг”. Дүгнэж хэлэхэд, ЗХУ-ын Гадаад явдлын яамны сайд асан Андрей Громыко-гийн хэлсэн “нэг өдөр дайн хийснээс 10 жилийн турш хэлэлцээ хийсэн нь дээр” гэдэг үг өнөө цагт Сирийн сөргөлдөгч талуудад хандсан мэт санагдана. 

 Б.Адъяахүү 

 

Холбоотой мэдээ