Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Г.Баясгаланг томилохыг МАН-ын бүлэг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-03 14:35:18
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжив.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ, "УИХ-аас нэр дэвшиж байсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дууссан байна. Тиймээс оронд нь томилох хүнийг УИХ-аас нэр дэвшүүлэх учиртай. УИХ-ын чуулганаар эл асуудлыг хэлэлцэж, УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг нэр дэвшүүлжээ. МАН-ын бүлгийн хуралдааны үеэр, Г.Баясгаланг салбартаа олон жил ажилласан мэдлэг, туршлагатай гэж санал нэгдэн, нэр дэвшүүлэх боломжтой гэж үзсэн" гэлээ.

 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1981 онд Баянхонгор аймгийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль

1986 онд ОХУ-ын Москвагийн их сургууль

1998 онд БНЭУ-ын Делигийн их сургуулийг тус тус төгссөн.

Хуульч мэргэжилтэй, Хууль зүйн магистр зэрэгтэй. Орос, англи хэлтэй.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1986-1991 онд Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор,

1991-1999 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга, зөвлөх,

1999-2001 онд Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга,

2001-2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх,

2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,

2012-2014 онд ‘Партнерс форэвэр’ ХХК-ын захирал,

2014-2016 онд МАН-ын даргын зөвлөх,

2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,

2018 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ